ӨМНӨГОВЬ: Хилийн боомт орчмын бүтээн байгуулалтад анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-01-13 15:38:01

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд хоёр хилийн боомт тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

 

Орон нутаг бодлогоор хил орчмын бүтээн байгуулалтад анхаарч үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Гашуунсухайтын гаалийн газрын салбарт орон нутгийн төсвийн хөрөнгөөр хүнсний хорио цээрийн шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангагдсан лаборатори байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ болон бусад мэргэжилтнүүд энэ сарын 12-ны өдөр Гашуунсухайт гаалийн газрын салбар лабораторийн үйл ажиллагаатай танилцан, харилцан санал сонсож, лабораторид ажиллах хүний нөөцийн асуудалд бодлогоор дэмжлэг үзүүлж ажиллах санал илэрхийллээ.

 

Тус лабораторийг 2025 онд ашиглалтад оруулж улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж, нүүрс, хүнсний бүтээгдэхүүн, зэсийн баяжмалыг шинжилж байна.

 

Импортын хүнсний бүтээгдэхүүний чанарт шинжилгээг цаг алдалгүй хийснээр эрүүл, аюулгүй хүнс түргэн шуурхай орж ирэх, бараа бүтээгдэхүүний үнэ хямд байх зэрэг олон давуу тал бий болж байгаа юм.

 

Мөн лаборатори байгуулахаас өмнө дээжийг Улаанбаатар хот руу явуулж 5-7 хоногийн хугацаанд шинжилж ирүүлдэг байсан бол одоо газар дээр нь 24-48 цагийн хугацаанд шинжлэн хариуг гаргадаг болсноороо цаг хугацаа, эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.

 

Холбоотой мэдээ