Сумхүү миний “багш”
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Намайг Т.Эрдэнэтуяа гэдэг. Би маркетингийн менежер, сэтгэл зүйч мэргэжилтэй. Нэгэн хэвийн, зожиг амьдралыг минь Тэрэлжийн тэр нэгэн морин аялал тэр чигт нь өөрчилсөн юм.
Анхны аялалдаа гарахдаа би ам зөөлөнтэй, хөнгөн хөлтэй, өндөр морь унамаар байна гэж хүссэн. Тухайн үед яг тийм морь олж унасан. Морь унахаар хүний сэтгэл зүрх дүүрч, бие жавхаажин чангардаг. Бас цэвэр агаарт ч гарчихна. Тиймдээ ч өөрийгөө хүчлэн барин зааланд очихын оронд долоо хоногт нэг удаа морь л унаж байя гэж шийдсэн юм. Очих бүртээ нөгөө хээр морио хайж олоод унадаг байв.
Би морь унахаараа исгэрч, дуу авиа гаргах дуртай. Морины уяа руу очихдоо нөгөө янзаараа исгэрэнгүүт хээр морь минь ганцаархнаа өндийгөөд намайг таньж буйгаа илэрхийлдэг боллоо. Дөч тавин хүний унах морийг эмээллэн бэлдэж байхад хээр морь минь над руу хөтчөө "чирээд" ирдэг байв. Тиймдээ ч би хөтөч залууст морь “хандраад байхад” ямар ч хүний хүрэл зүрх хайлна гэж хошигнодог болсон шүү. Тийнхүү нэг л мэдэхэд би хээр морио унахаар очихдоо яг л хайртай хүнтэйгээ уулзах гэж буй мэт хөл газар хүрэхгүй догдолдог болсон байлаа. Өмнө нь уралддаг байсан гэх хурдан хээр мориндоо би Сумхүү гэж нэр өгсөн.
Сумхүү минь л намайг морь унуулж сургасан. Жаахан байхдаа мориноос унаад айдастай болчихсон байсан намайг шогших, давхих, тэр бүү хэл давхиж байхдаа хоёр хөл дээрээ босож зогсоход сургасан. За би ч сурчихлаа даа гээд өөрийгөө тоох гэхээр л өөр нэг шинэ зүйлийг зааж өгдөг болохоор би түүнийг миний багш гэж боддог болсон.
Морь гэдэг амьтан маш хүчтэй энергитэй. Морь унаад давхих гэдэг туйлын их эрч хүчийг хүнд өгдөг. Юу ч идээгүй бүтэн өдөр явж байгаа мөртөө хоол орохооргүй, сэтгэл дүүрээд мориноос буудаг. Тийм хүчтэй энергитэй таарахаар хүн ховсдуулж байгаа юм шиг болдог. Сумхүү намайг харизматай, зорилго тэмүүлэлтэй, амьдралын идэвхтэй болгож өөрчилсөн.
Хэдийгээр одоо би морьт харвааны клубт хичээллэдэг болоод хангалттай морь унадаг ч Тэрэлж рүү зөвхөн Сумхүүтэйгээ л уулзах гэж мөнгө төлөөд очдог болсон. Хүн морийг биш, морь эзнээ өөрөө сонгодог гэж Монголчууд ярьдаг юм билээ. Морины тамга байтугай зүс ч мэдэхгүй хотын бүсгүйг Сумхүү минь яг хэзээ эзнээ болгохоор сонгосныг мэдэхгүй ч би хэзээ нэгэн цагт Сумхүүгээ худалдаж авахыг мөрөөддөг болсон юм даа.

Улаанбаатар