Жэки Чан Оскарын шагнал хүртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНЬЮ-ЙОРК. /Reuters/. Кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Academy of Motion Picture Arts and Sciences”-аас энэхүү хүндэт шагналыг бямба гарагийн орой Холливудын нэрт жүжигчин Жэки Чанд гардуулсан бөгөөд тэрбээр энэхүү хүндтэй шагналыг хүлээн авсан анхны хятад хүн болжээ.
“Hollywood & Highland Center”-ийн “Ray Dolby Ballroom”-д болсон жил бүрийн “Governors Award” шагнал гардуулах 8 дахь удаагийн ёслолын арга хэмжээн дээр уг шагналыг гардуулсан байна.
Жүжигчин, зохиолч, найруулагч, продюссер Жэки Чан найман настайгаасаа хойш кинонд тоглосон бөгөөд олон улсын кино од болохоосоо өмнө Хонконг-д хэд хэдэн тулааны урлагийн тухай кинонд тоглож байжээ. Тэрбээр өөрийн авъяаслаг спортлог чанар, бүтээлч байдал, болон бусдыг татах байдлаараа олон үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин билээ.
Тэрбээр 1996 онд "Rumble in the Bronx"-т тоглосоноос хойш ялангуяа “Оргил цаг,” “Шанхайн үд дунд,” “Шанхайн баатрууд,” “Дэлхийг 80 хоногт тойрсон нь,” “Каратэч хүү” болон “Кунг-Фу Панда” зэрэг кинонд тоглосноор дэлхий даяар маш их нэр хүндийг олсон билээ.
Оскарын шагналыг гардан авах үеэрээ Жэки Чан хятад үндэсний хувцас өмссөн байсан бөгөөд тэрбээр хэлэхдээ “Би энд зогсож байгаадаа итгэж чадахгүй нь. Мөрөөдөл минь биелж байна” гэж хэлээд “хорин гурван жилийн өмнө би найзынхаа гэрт энэ нэг жижиг зүйлийг харсан. Би тэрхүү зүйлд хүрч, үнсэн бас үнэрлэсэн. Миний гарын хээ одоо ч тэр жижиг зүйл дээр байгаа гэж би бодож байна” хэмээн хошигножээ.
Энэхүү нэр хүндтэй шагнал болох Оскарыг амьдралынхаа хугацаанд гайхалтай амжилт үзүүлж, кино урлаг болон энэ салбарын шинжлэх ухаанд онцгой хувь нэмэр оруулсан кино Академийн шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэн олгодог ажээ.
Энэ шагналыг анх 1929 онд Академийн зүгээс Варнер Брос болон Чарли Чаплин нарт олгож байжээ. 2009 оноос хойш уг нэр хүндтэй шагналыг Академийн шагнал гардуулах ёслол дээр бус харин жил бүрийн “Governors Awards” дээр гардуулж байхаар болсон байна.
Х.Сарнай