Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд 1 тэрбумыг зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-05-21 17:59:47

ЛОНДОН, 2025 оны тавдугаар 21 /AFP/. Эргэн нэгдсэнийхээ дараа Их Британид аялан тоглолтоо хийх гэж буй “Oasis” хамтлагийн шүтэн бишрэгчид тоглолтыг үзэхийн тулд тасалбар, унаа, байр зэрэг зардалд нийт 1 тэрбум фунт стерлингээс /1.3 тэрбум ам.доллар/ давсан хэмжээний их мөнгийг зарцуулах төлөвтэй байна гэж Barclays” банк тооцоолжээ. 


Судалгаанаас үзэхэд, шүтэн бишрэгчид энэ зун болох 17 тоглолтын аль нэгийг нь үзэхийн тулд дунджаар 766 фунт стерлинг зарцуулах төлөвтэй байна. Улмаар нийт 1.06 тэрбум орчим фунт стерлингэд хүрнэ гэж тооцоолж буй нийт зардалд шинэ хувцас, тоглолттой холбоотой бараа бүтээгдэхүүн, хоол хүнс, ундааны борлуулалтыг мөн оруулжээ. 


Өнгөрсөн наймдугаар сард Oasis” хамтлагийн гишүүд болох ах дүү Ноэл, Лиам Галлахер нар 15 жилийн турш үргэлжилсэн маргаанаа эцэслэж, дэлхий даяар аялан тоглолт хийхийн тулд эргэн нэгдэж байгаагаа зарласны дараа тэдний тоглолтын тасалбар асар богино хугацаанд зарагдаж дууссан юм.


Wonderwall, Don't Look Back In Anger, Champagne Supernova зэрэг хит дуунуудын эзэд ирэх долоодугаар сарын 4-нд Уэльсийн нийслэл Кардифф хотоос аялан тоглолтоо эхлүүлж, дараагийн долоо хоногт төрөлх хот Манчестерт тоглоно. Их Британид болох тоглолтуудыг нийт 1.4 сая орчим хүн үзэх төлөвтэй байна. Аялан тоглолт мөн Буэнос-Айрес, Чикаго, Лондон, Сидней, Токио, Торонто хотуудад болох ажээ.


Харин Британийн Lloyds банкнаас өнгөрсөн сард мэдээлснээр, хамтлагийн шүтэн бишрэгчид тасалбарын луйварт 2 сая гаруй фунт стерлинг алдсан байна. Мөн “Oasis-ын шүтэн бишрэгчид цагаан алтан” суудал худалдаж авахдаа залилуулсан байж магадгүй гэж Британийн өрсөлдөөнийг хянадаг байгууллага мэдэгджээ. Тус байгууллага зарим тасалбарыг хэт өндөр үнэд хүргэсэн гэх үндэслэлээр “Ticketmaster агентыг шалгаж эхэлжээ. Ticketmaster”  уг тоглолтын 900 мянга гаруй тасалбарыг борлуулсан байна.



Холбоотой мэдээ