Инфляцийг 6 хувиар хязгаарлавал Монголбанк бодлогын хүүгээ дахин өсгөнө гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-08 17:40:47

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд Үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.

Ажлын хэсгээс төрийн болон ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжилтнүүдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохиож, “Монголын банкуудын холбоо”, “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо”, “Санхүүгийн зах зээлийн холбоо”-ноос тус тус санал авсан байна. Хэлэлцүүлгийн явцад болон ТББ-аас ирүүлсэн саналд банкны хадгаламж болон зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгож хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, инфляцийг нам дор түвшинд барих, түүнчлэн орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой асуудлуудыг зэргийг голлон хөндсөн байна. Ажлын хэсэг эдгээр саналыг нэгтгэн, дүгнэж хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд Монголбанктай хамтран ажилласан ОУВС-ийн мэргэжилтнүүд ямар хүрээнд ажилласан талаар болон ямар тохиролцоо, хэлэлцээ яригдсан талаар тодрууллаа. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг "ОУВС-ийнхан хоёр долоо хоногийн турш ажилласан бөгөөд талууд эдийн засгийн өсөлт, инфляци, нөлөөлж буй хүчин зүйлс ямар байх, бодит эдийн засаг дээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн ямар байх вэ зэрэг төсөөллийн тоон үзүүлэлтүүдээ тохирсон. ОУВС-ийн төлөөлөгчид энэ сарын төгсгөлд дахин ирж ажиллаж магадгүй гэдэг мэдээлэл байгаа, тэр үед бодлогын түвшний арга хэмжээнүүдийн талаар зөвлөлдөхөөр төлөвлөж байгаа" гэж хариулав.

Мөн тэрбээр санхүү, банкны салбар тогтвортой байх нь бодит секторт дэмжлэг болох бөгөөд энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр мөнгөний бодлогын хүүг нэмсэн нь энэ зорилгоор гаргасан шийдвэр гэж онцолж байв. Банкны салбарт илүүдэл нөөц үүсч, энэ нь ханшид нөлөөлж дарамт үүсгэж байсан учир банкны салбарын тогтвортой байдлыг буюу бодит салбараа дэмжсэн алхам хэмээн үзэж шийдвэрлэсэн болохоо тайлбарлалаа.

Ийнхүү тогтоолын төслийг хэлэлцсэний дараа Ажлын хэсгээс ирүүлсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Уг төсөлд "Монголбанк ирэх онд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг 2017-2019 онд найман хувиас ихгүй түвшинд барина" хэмээн тусгасан. Харин санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа "инфляцийг 8 хувьд барих” зорилтыг 6 болгож бууруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Монголбанк болон ОУВС-ийн төсөөллөөр 2018 оны эхээр инфляци долоо орчим хувьд хүрэхээр байгаа. Тэгэхээр инфляцийн зорилтыг 6 хувь болгож бууруулж байгаа бол Монголбанк ирэх оны сүүлээр бодлогын хүүгээ өсгөх болж таарна” гэлээ.

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууссаны дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ талаар дахин горимын санал гаргасан юм. Тэрбээр "инфляцийн зорилтыг 6 хувиар хязгаарлах тухай санал нь эдийн засгийн идэвхжлээ хязгаарлах, Төв банкны бодлогын орон зайг хумьсан шийдвэр болж байгаа тул уг санал хураалтыг хүчингүй болгох" талаар санал гаргалаа. Гэсэн ч байнгын хороонд оролцсон гишүүдийн олонхи нь горимын саналыг дэмжсэнгүй. Тиймээс байнгын хорооны дэмжсэн дээрх саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх боллоо.

Н.Туяа

 

 

 

Холбоотой мэдээ