Эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэх шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-04 15:12:43

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, удирдлагын багийн хамт “Өнөр бүл” хүүхдийн төвд амьдарч буй хүүхдүүдийн орчин, нөхцөл, хоол тэжээл, хувцас хэрэгсэл болон төвийн тулгамдаж буй асуудал, нөхцөл байдалтай танилцлаа.


Өнөр бүл хүүхдийн төвд одоогоор 148 хүүхэд амьдарч байгаагаас бүтэн өнчин 82, хагас өнчин 57, эцэг эхтэй 9, хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхэд байна. Сүүлийн жилүүдэд эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байгаа аж. Эцэг эх нь ихэвчлэн архины хамааралтай, хүүхдээ асрамжийн төвд үлдээгээд дахин гэр бүл зохиочихдог хариуцлагагүй ээж, аав олширчээ.



Төвдөө гар урлал, зураг, чөлөөт бөх, биеийн тамир, мэдээлэл зүй, дуу хөгжим, үлээвэр, үндэсний хөгжим, жюү-жицү, уран нугаралт зэрэг дугуйланг хичээллүүлж хүүхдүүдээ хөгжүүлдэг аж. Мөн боловсролд тэгш, хүртээмжтэй хамруулахаас гадна мэргэшсэн сэтгэлзүйчид ажилладаг байна.



Багш, сэтгэлзүйчид зэрэг хүний нөөцийг нэмэхийг бодлогоор дэмжих, урсгал засварыг нь тогтмол хийдэг, хувьсах зардал, төсвийг нь инфляцтай уялдуулан нэмэх зэрэг асуудал байгааг БГХНХЯ мэдээлжээ.

 


Холбоотой мэдээ