ДУНДГОВЬ: “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж"-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-15 13:04:39
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн барилгын засварын төсөл хэрэгжүүлэхээр тус аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяртай гэрээ байгууллаа.


Тодруулбал, Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд энэ жил Цэгц билиг сургуулийн хичээлийн байр болон өргөтгөлийн байрыг 111,808 ам.долларын санхүүжилтээр засварлах төсөл хэрэгжүүлэхээр болсон.  


Тус сургуулийн хувьд 46 багштай, 436 сурагч хичээллэдэг. Хичээлийн байр нь хуучирч, модон цонхоор салхи сийгэж, дээврээс дусаал гоождог тул хичээллэх боломж мууджээ.


Харин Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөр нь тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажилладаг юм.


Япон улсын Засгийн газраас уг хөтөлбөрийг 1990 оноос Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн ба энэхүү тусламж нь 607 дахь, Дундговь аймагт хэрэгжиж буй 17 дахь төсөл болж байна. 

Холбоотой мэдээ