ӨМНӨГОВЬ: “Сурагч солилцоо” хөтөлбөрт хамруулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Политехникийн коллеж, БНСУ-ын Жонжү хотын “Пижон” их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тодруулбал,
Даланзадгад сумын ЗДТГ 2024 оны тавдугаар сард БНСУ-ын Жонжү хотын “Пижон”
их сургуультай хамтран ажиллахаар гэрээг байгуулж байсан юм.
Тэгвэл тус ажлын хүрээнд “Пижон” их сургуулийн захирал Ү Бён Хүн, Гадаад харилцааны албаны дарга И Сан Раг нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Даланзадгад суманд хүрэлцэн ирж Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хамтран
ажиллах гэрээгээр Политехникийн коллежийн сургалтын системд солонгос хэлний
сургалтыг нэмж, идэвх санаачилгатай суралцсан сурагчдыг БНСУ-ын “Пижон”
их сургуульд 20 хувийн тэтгэлэгтэй суралцуулах юм. Мөн
“Сурагч солилцоо” хөтөлбөрт хамруулан цаашид нарийн мэргэжлээр суралцах
боломжийг олгон, мэргэжил сонголтоо зөв хийх, эзэмшсэн мэргэжлээрээ БНСУ-д
ажиллах зэрэг давуу талууд бий болж байгаагаараа онцлогтой.
Өмнөговь Политехникийн коллежийн захирал Ч.Эрдэнэтуяа:
-БНСУ-ын "Пижон" их сургуультай бид хамтран ажилласнаар коллежид суралцаж байгаа суралцагчид солонгос хэлийг суралцах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд цаашид тус улсын их, дээд сургуульд дэвшин суралцах, багш нарынхаа ур чадваруудыг дээшлүүлэх зэрэг олон боломж нээгдэж байгаагаараа давуу талууд ихтэй. Хамтын ажиллагааны хүрээнд бусад олон боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
“Пижон” их сургуулийн захирал Ү Бён хүн:
-Бид Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЗДТГ-ын хамт олны урилгаар хамтын ажиллагааны хүрээнд ирж, Политехникийн коллежтэй хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Гэрээгээр Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн багш, сурагчид "Пижон" их сургуульд богино болон урт хугацааны бүх төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах боломжуудыг олгож байна. "Пижон" их сургууль нь төгсөөд ажлын байранд шууд зуучлагддагаараа улсдаа тэргүүлдэг сургуулиудын нэг. Тэгэхээр манай сургуульд хүүхдээ суралцуулбал төгсөөд БНСУ-д ажиллах 100 хувийн боломж бүрдэж байгаа юм.