Виола Амхерд: Швейцар, Монгол газар зүйн хувьд хол ч ардчилсан үнэт зүйл биднийг ойртуулдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Швейцарын Холбооны улсын ерөнхийлөгч Виола Амхерд мэдээлэлдээ, “Өнөөдөр би Монгол
Улсад айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Манай хоёр улсын олон жил ойр
дотно хамтран ажиллаж ирсэн атал Швейцарын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа
айлчилж байгаа нь итгэхэд бэрх ч бодит үнэн юм. Энэ айлчлал Швейцар, Монголын
харилцааны түүхэнд нэгэн чухал үйл явдал болж байгааг нэн хүндэтгэж, маш их
баяртай байна. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил, Хөгжлийн хамтын ажиллагааны
байгууллага Монгол Улсад 20 жил ажилласан амжилтыг энэ айлчлалаар ёслон тэмдэглэж
байна. Үүний зэрэгцээ бид ирээдүйгээ харж,
хоёр улсын цаашдын харилцааг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байна.
Энэ зорилтын хүрээнд бид хоёр улсын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглал, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. НҮБ-аас анхааруулсан “дэлхий дахинаа тархаж буй ардчиллын бууралт”-ыг сөрөн зогсоох нь Швейцар Улсын хувьд нэн чухал юм.
Бид улс төр, хууль эрх зүйн чиглэлээр идэвхтэй харилцаа өрнүүлж байгаагийн зэрэгцээ эрүүл мэнд, худалдаа, хүмүүнлэгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид бусад салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр болсныг өнөөдөр Хамтарсан тунхаглалдаа тусгалаа. Швейцар, Монгол дэлхийн тавцанд олон асуудлаар ижил төстэй байр суурьтай. Тухайлбал, манай хоёр улс цаазын ялыг дэлхий дахинаа халахын төлөө байдаг. Энх тайван, аюулгүй байдлыг хангах нь Швейцарын олон талт гадаад бодлогын нэг тулгуур нь юм.
Үүнтэй холбогдуулан энх тайван, тогтвортой байдлын төлөөх Монгол Улсын хүч чармайлт, ялангуяа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Бид дэлхий дахины аюулгүй байдлын тогтолцооны талаар мөн ярилцлаа. Швейцар, Монгол хоёр улс газар зүйн хувьд алс хол хэдий ч ардчилсан үнэт зүйл, эрх зүйт ёс, олон улсын тавцан дахь хамтын хүч чармайлт биднийг ойртуулдаг. Бид энэхүү нөхөрлөлөө улам бүр бататгаж, ирээдүйн боломжоо үр дүнд хүргэхээ нотоллоо" гэв.