Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхердын айлчлал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны наймдугаар сарын 2-4-нд анх удаа төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхердийг Д.Сүхбаатарын талбайд угтаж авснаар айлчлал албан ёсоор эхэллээ. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Виола Амхерд Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Дараа нь Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон Швейцарын Холбооны улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Түүнчлэн Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм.
Хоёр улс 1964 оны тавдугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай юм. Энэхүү айлчлал нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор болж буйгаараа онцлогтой.