“Монголын үнэн” сонин анхны зургаан дугаараа эмхэтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-10 14:09:19

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатарын хошой одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Монголын үнэн” сонин 103 жилийн турш тасралтгүй гарч буй цорын ганц сонин бөгөөд өдгөө 24573 дахь дугаараа уншигчдын гар дээр тавьжээ. Тэгвэл тус сонин түүхэн ойн өдрөөрөө анхны зургаан дугаараа эмхэтгэн ном болгож, нээлтээ хийв.


Анхны түүхээ эмхэтгэн ном болгосны нээлтэд МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг, Монголын хэвлэл, мэдээллийн салбараас төрсөн хоёр хөдөлмөрийн баатрын нэг Х.Цэвлээ тэргүүтэй тус сонинд ажиллаж байсан ахмад сэтгүүлчид, эрдэмтэн, багш нар оролцов.


Нээлтийн үеэр тус сонины эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг “Манай сонины түүхэн ой болон номын нээлтэд хүрэлцэн ирсэн ахмад сэтгүүлчид, судлаачид, эрхэм багш нартаа баярлалаа. Өнөөдөр “Монголын үнэн” сонины 103 жилийн ой тохиож байна. Бид өнөөдөр 24573 дахь дугаараа өлгийдөж авлаа. Энэ бүх дугаар хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайн хэлснээр монголчуудын өдрийн тэмдэглэл юм. Үе үеийн “Үнэн”-чүүдээрээ, энэ сонины өдий хүртэл түүчээлж ирсэн ахмадуудаараа үргэлж бахархаж явдаг шүү. Монголын сэтгүүл зүй хоёр хөдөлмөрийн баатартай. Нэг Л.Түдэв, нөгөөх нь Х.Цэвлээ гуай юм. Хоёулаа “Монголын үнэн” сонины түүхийг бичилцэж явжээ. Та бүхэндээ 103 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэв.


Тэгвэл Соёлын гавьяат зүтгэлтэн, “Монголын үнэн” сонины зөвлөх Н.Бөхдамбий сэтгэгдлээ хуваалцахдаа “103 жилийн түүхтэй сонины 45 жилд нь би ажиллажээ. Бараг хагас зуун жил болох шахсан байна. Үе үеийн ахмадууд цуглаж, хамтдаа баяраа тэмдэглэж байгаад сэтгэл их хөдөлж байна. Ахмадуудаа, хамт ажиллаж байсан үеийнхнээ харах сайхан байна. Хагас зууны түүхийг бичилцсэн гэдгээрээ өөрөөрөө бахархаж явдаг. Энэ сонин бол Монголын бичгийн их мэргэдийг соён гэгээрүүлэх, бичиг соёлыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. “Монголын үнэн” сонины анхны зургаан дугаарыг эмхэтгэн ном болгоход өөрийн хувь нэмрээ оруулсандаа баяртай байна” хэмээн ярилаа.


Харин ахмад сэтгүүлч Г.Дамба ярихдаа “Би энэ сонинд 1969 оноос хойш 27 жил тасралтгүй ажилласан. Дараа нь нийслэлийн сонин гаргах үүрэг даалгавар аваад явсан хүн. Энэ сонины Монголын ард түмнийг оюун санааных нь хувьд гэгээрүүлэгч байсан юм. Би 27 жилийн хугацаанд энэ сониныхонтой ах, дүү, дарга, цэрэг болж явсандаа баяртай байдаг. Энэ хугацаанд 3000 гаруй мэдээ, нийтлэл, сурвалжилга бичсэн хүн. Ерөнхий эрхлэгч Ц.Намсрай, нэгдүгээр эрхлэгч Г.Дэлэг, Л.Түдэв зэрэг бурхан шиг хүмүүсийн дэргэд ажиллаж явлаа. Дэг журам өндөртэй, анх орохдоо сүрддэг байлаа шүү дээ. Том сонинд, томчуудын дунд анх орж ирэхдээ айдастай л байсан. Их сургуулиас Намын дээд сургуулийг салгаж сэтгүүлчийн ангийг анх нээсэн юм. Тэрний анхны 20 хүний нэг нь би. Дөрвөн жил сурсны дараа би “Монголын үнэн” сонинд, Санжаахүү маань МОНЦАМЭ-д үлдсэн. Бусад нь орон нутаг руу явж байлаа. Энэ дашрамд, ахмадуудаа байнга хүлээж авч уулздаг, санаа бодлыг нь сонсдог “Монголын үнэн” сониныхондоо 103 жилийн ойн баяр мэнд хүргэе” гэв.


Хүрээний хувьсгалчид нууц бичиг захидал тарааж, ухуулах хуудас нааж байснаа 1920 онд Эрхүүд “Монголын үнэн” нэртэй сонин хэвлүүлэн Нийслэл Хүрээнд оруулж ирсэн түүхтэй. Одоогоос 103 жилийн өмнө Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол тэргүүтэй хувьсгалчид санаачилж, Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэх тэргүүтэй бичгийн мэргэд анхны мэдээ, мэдээллийг нь бэлтгэж, тухайн үеийн сэхээтнүүдийн төлөөлөл Д.Ишдорж, Ч.Пүрэв нар ариутган шүүж, Алс Дорнодын Коминтерний нарийн бичгийн дарга нарын газрын дарга Б.З.Шумяцкий, Коминтерний төлөөлөгч С.Борисов, Э.Ринчино нарын оролцоотойгоор гарч байсан түүхтэй.  


Уг сонин монголчуудыг хувьсгалт тэмцэлд уриалан дуудаж, Ардын засгийг байгуулалцаж, анхдугаар Үндсэн хуулийг тэргүүн нүүрэндээ нийтэлж, бүх нийтийг бичиг үсэгт сургаж, 1939 оны дайнд эр цэргүүдтэй хамт Халхын голд байлдаж, хамтрал, коммуныг тунхаглаж явсан түүхэн гэрч яах аргагүй мөн.


“Бүхнийг фронтод” уриатайгаар дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулахын төлөө нийтийн санал асуулгыг орон даяар зохион байгуулалцаж, НҮБ-ын үүдэн дээр Монгол төрийн далбаа мандсаныг ард түмэндээ мэдээлж, илгээлтийн эзэдтэй хамт атар газрыг эзэмшиж, аж үйлдвэрийн завод байгуулж, нэгдэлжих хөдөлгөөнийг өрнүүлж, нийтийн соёлыг сурталчилж, нийгмийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, сансарт малчны хүүг үдэж, шинэ амьдрал, шинэ бүхнийг монголчуудад хүргэсэн. “Монголын Үнэн” сонин өөрчлөлт шинэчлэлтийн салхийг хагалж, нийгмийн сэтгэл зүйг 1990 оны хувьсгалд бэлтгэсэн. 1920 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал ялахад “Монголын үнэн” сонины байгуулсан гавьяа их гэдгийг сэтгүүл зүйн салбарын ахмад зүтгэлтнүүд тодотголоо. 




Холбоотой мэдээ