Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангахад эрдэмтдийн үүрэг чухлыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр
дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтоо
биелүүлэхэд салбарын эрдэмтдийн зөвлөлийн үүрэг, оролцоо чухал байгааг
Ерөнхийлөгч тэмдэглэж, амжилт хүсэн ерөөв.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим
арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх
бодлого, тэргүүлэх чиглэл, түүний үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэхийг дэмжих чиг үүрэг бүхий Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн
зөвлөлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар
байгуулсан юм.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, доктор Ч.Даваабаяраар ахлуулсан энэ зөвлөл анхдугаар хуралдаанаа хийн, ажлынхаа талаар санал солилцож, эрдэмтдийн гаргасан саналыг нэгтгэж байна.