ӨМНӨГОВЬ: "Нутгийн дэм" хөтөлбөрөөр төрийн үйлчилгээний алба хаагчдын урамшууллыг нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-15 08:22:45

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан болж, "Нутгийн дэм" хөтөлбөрийн хүрээнд төсвийн төрийн үйлчилгээний албан хаагчдад олгодог байсан 210.000 төгрөгийн цалин хөлсний урамшууллыг 610 мянган төгрөг болгож нэмэгдүүлж олгохоор баталжээ.

 

Тус хуралдаанаар аймгийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн асуудлууд зэрэг 13 асуудлыг хэлэлцэв.

 

Аймаг, орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчин сайжирч, эдийн засгийн боломж дээшилсэн тул аймгийн төсөвт нэмэлт тодотгол хийжээ.         

Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөрөө төрийн үйлчилгээний ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлсэн ч Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор хүчингүй болж, алба хаагчдын цалин урамшуулал буурч, нийгэмд багагүй бухимдал үүсээд байсан юм.

 

Харин аймгийн ИТХ-ын  ажлын хэсэг цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай төсвийн байгууллагуудыг судалсны үндсэн дээр нийт 26 байгууллагын 480 албан хаагчид цалин хөлсний урамшуулал нэмж олгохоор өөрчлөн хөтөлбөрийг 1.9 тэрбумаар нэмэгдүүлэн төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.



Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат:

-Өмнөговь аймагтаа хийж хэрэгжүүлэх ажлууд, шинэ хуулиуд, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин нэмэгдсэнтэй холбоотой төсөвт гарсан өөрчлөлт зэрэг асуудлыг хэлэлцэн амжилттай шийдвэрлэлээ. Мөн байгууллагууд нэмэлтээр "Нутгийн дэм" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байсан. Энэ хүсэлтийн дагуу ИТХ-ын ажлын баг ажиллаж, хуулийн дагуу шийдэх боломжтой байгууллага, албан хаагчдыг нэмж, хөтөлбөрт хамруулахаар хэлэлцэн баталлаа. Засгийн газрын цалин хөлс нэмэхтэй холбоотой тогтоолын нэг заалт нь хүчингүй болсноос шалтгаалан зарим төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагч нарын цалин хөлс эрс буурсан байсныг орон нутгийн төсвийн сангаас "Нутгийн дэм" хөтөлбөрөөр дамжуулан хуучин олгож байсан 210.000 төгрөг дээр 400.000 төгрөгийг нэмж нийт 610.000 төгрөг болгож олгон цалингийн зөрүүтэй байдлыг тэнцүүллээ. Ийнхүү төсвийн ерөнхийлөн захирагчийн хүлээх үүрэг, улсынхаа өмнө хүлээж байгаа татварын үүргээ биелүүлэхээр төлөвлөн тооцож баталсан хуралдаан боллоо гэв.

Холбоотой мэдээ