МУГЖ Д.Оюунтүлхүүрийн хөрөг бүхий шуудангийн марк худалдаанд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-29 14:46:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол-Японы соёлын харилцаа” сэдэвт шуудангийн шинэ марк болон анхны өдрийн дугтуйн нээлтийн ёслол Япон Улсын ЭСЯ-нд боллоо.

 

Энэхүү шуудангийн марк нь Монгол Улсын төрийн далбаа бүхий дэвсгэр дээр МУГЖ, дуучин, ая зохиогч Д.Оюунтүлхүүрийн “Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадам”-д Гран при шагнал авч байх үеийн зургийг усан будгаар зурсан хөрөг, түүний дуулсан “Ээжийн бүүвэй” дууны дахилтын хэсгийг нотоор харуулж, нэрийг нь монгол бичиг болон япон үсгээр бичиж зохиомжилсноороо онцлогтой. 


Маркийн зураачаар Б.Хосбаяр, дизайнераар Б.Дамдинбазар ажиллажээ. Маркийг бүтээхэд Япон улсын ЭСЯ, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газар,  “Оюунтүлхүүр сан” ТББ-аас зөвлөгөө өгч, шаардлагатай материалаар ханган хамтран ажилласан байна.

Нээлтийн ёслолын үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши “Ээжийн бүүвэйн дуу” дуучин Д.Оюунтүлхүүрт Япон, Монголыг холбох хувь заяаг оноосон болов уу гэж боддог. Хоёр орны урлаг, соёлын хөгжил болон ард түмний найрамдал, хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

МУГЖ, дуучин, ая зохиогч Д.Оюунтүлхүүр, “Өнөөдөр үгээр хэлэхийн аргагүй түүхэн үйл явдал болж байна. Японд анх 1989 онд 13 настай хөл тавиад ямар гайхалтай орон бэ, хүмүүс нь ямар өгөөмөр сайхан сэтгэлтэй юм бэ, ард түмэн нь ямар агуу соёлтой юм бэ хэмээн гайхширч байсан. Одоо ч гэсэн тэр сэтгэгдэл маань хэвээрээ. Бид бүгд түүхэн үйл явдлын гэрч болж байна. Цаашид хоёр орны харилцаа улам өргөжин тэлэх болтугай. Энэхүү маркийг гаргаж хамтран ажилласан ЦХХХЯ, “Монгол шуудан” ХK, Япон Улсын ЭСЯ-ны хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.

 

Монгол, Япон Улс дипломат харилцаа 1972 онд тогтоосноос хойш 50 гаруй жилийн хугацаанд хоёр орны ард түмний найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр батжиж, 1990 оноос эрчимтэй хөгжиж, ялангуяа соёлын харилцааны салбарт түүхэн үйл явдлууд бичигдсээр байна. Энэхүү түүхийн анхдагчийн нэг, Монгол, Японы хооронд гүүр болсон МУГЖ, дуучин, ая зохиогч Д.Оюунтүлхүүр 1989 оны 8 дугаар сарын 13-нд Япон улсын Нагояа хотод болсон “Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадам”-д Монгол Улсаа төлөөлөн өөрөө аяыг нь зохиосон “Ээжийн бүүвэй” дуугаараа 13 настайдаа анх удаа оролцож, их наадмын дээд шагнал Гран приг авч түрүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж байв. Мөн Монгол, Японы ард түмний найрамдалт харилцааг гүнзгийрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, 1990 онд Япон улсын Ерөнхий сайд Тошики Кайфутай уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын мэндчилгээ, бэлгийг гардуулж байв.


Тэрбээр 1990 оноос Япон улсад уран бүтээлээ туурвин, япон хэлээр 5 цомог, 12 сингл СД, монгол хэлээр 3 цомог гаргаж, японы хотуудаар буяны болон хандивын тоглолтыг 35 жилийн хугацаанд хийж, монгол орныхоо соёл уламжлал, зан заншил, түүхийн талаар өнөөдрйиг хүртэл японы ард түмэнд сурталчлан таниулсаар буй юм.


Үүний нэг тод жишээ нь, дунд сургуулийн 9 дүгээр ангийн Үндэсний хэл соёл сурах бичигт Д.Оюунтүлхүүрийн намтар, ахлах сургуулийн 12 дугаар ангийн Англи хэлний сурах бичигт “Хиришимагийн охины цаасан шувуу” дуу нь орсон юм.


Түүний Монгол, Япон орны харилцан ойлголцлыг хөгжүүлэх үйлсэд хүчин яармайлт гаргаж, Япон улс болон бусад орны найрамдал нөхөрлөл, найрсаг харилцаанд их хувь нэмрээ оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэн 2014 оны 8 дугаар сарын 4-нд Япон улсын Гадаад хэргийн сайд, одоогийн Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмио “Хүндэт өргөмжлөл” гардуулсан юм.






Холбоотой мэдээ