Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын ажлыг энэ сарын сүүлээр эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар баруун босоо төмөр замын эхлэл болох Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замыг барьж эхлүүлэх эрхийг Нарийнсухайт төмөр зам ХХК-д олгохоор шийдлээ.
Бүтээн байгуулалтыг
энэ сарын сүүлээр эхлүүлж, 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд
байгааг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэв. Тэрбээр, “Энэ төмөр замаар Нарийнсухайтын
бүлэг ордоос экспортолж буй нүүрсийг хил гаргана. Гол төмөр замын нийт урт нь 7
км, салаа төмөр зам нь 20 орчим км байх юм. Хувийн хэвшлийн 200 тэрбум гаруй төгрөгийн
хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, 6 жилийн хугацаанд ашигласны дараа Монголын
төмөр зам компанид 100 хувь төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй” гэв.
Үүнтэй холбогдуулаад
зүүн босоо төмөр зам буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр
зам барих сонгон шалгаруулалт дууссан бөгөөд барилга угсралтыг энэ оны
гуравдугаар улиралд багтааж эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод
чиглэлийн мухар төмөр замын холболтын төмөр замыг барих ТЭЗҮ боловсруулах
сонгон шалгаруулалт явуулж, БНХАУ-ын Төмөр замын 2-р товчоо шалгарсан байна. Зураг
төслийг нь энэ онд багтаан боловсруулж, БНХАУ-ын төмөр замтай холбох ажил
эхлүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн, зүүн босоо чиглэлийн Хөөт-Бичигт-Зүүнхатавч чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээг 6 дугаар сард хийнэ. Хил холболт, боомтын төмөр зам барих, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замуудын ажлыг эхлүүлснээр баруун, зүүн, төвийн гэсэн 3 коридороор ОХУ-ыг Монголоор дамжуулан БНХАУ-тай холбох ажил эрчимтэй явж байгааг сайд С.Бямбацогт тэмдэглэлээ.