С.Батболд: БНХАУ-д авто болон төмөр замын чиглэлээр жил бүр 60 хүүхэд сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-16 11:39:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн салбар хүний нөөцөө бэлдэхэд анхаарч, боловсролын өдөрлөгийг энэ сарын 18-нд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулна.


Өдөрлөгийн үеэр салбарын тухай мэдээлэл өгөхөөс гадна энэ чиглэлийн сургуулиуд мэргэжлийн чиг баримжаа, сургалтын төлбөр, тэтгэлэг хөтөлбөрийн талаар зөвлөгөө өгч, танилцуулах юм.


ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ талаар мэдээлэхдээ, “Гурван жилийн өмнөөс ЕБС-ийн 215 хүүхдийг сонгон, математик, физик, гадаад хэлээр бэлтгэснээс одоогоор 95 нь төмөр замын чиглэлээр сурч байна. Их дээд сургуулиудтай хамтран салбарын мэргэжилтнээ бэлтгэж байгаа. Тухайлбал, манай улсад тээврийн эдийн засагч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй. Иймд СЭЗИС-тай хамтран тээврийн эдийн засагч мэргэжлээр элсэлт авч эхэлнэ. ШУТИС-тай хамтраад судалгаа шинжилгээний төв байгуулна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 100 хүүхэд сургах байсан ч цар тахал болон геополитикийн нөхцөл байдлаас үүдээд сургаж чадаагүй. БНХАУ-ын тэтгэлгээр авто болон төмөр замын чиглэлээр жил бүр 60 хүүхэд сургана. УБТЗ-аас тус улсад 25 хүүхдийг 100 хувийн тэтгэлгээр сургаж байгаа. Мөн Вьетнам, БНСУ-д ч оюутан сургах боломжтой. ХБНГУ-д 2017 оноос замчин мэргэжлээр гурван жилээр 40 хүүхэд сургасан, тэндээ үйлдвэрлэлийн дадлагаа хийж байгаа. Энэ жил 15 хүүхэд шалгаруулж авна. Нисэхийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд зардал их учир гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулиудад өөрсдөө тэнцээд элсэж орсон хүүхдүүдэд тэтгэлэг өгч байгаа” гэв.


Шинэ төмөр замуудыг ашиглалтад оруулж, хилийн боомтуудын хүчин чадал нэмэгдэж байгаатай холбогдуулан тус салбарт 2030 он гэхэд 22 мянган ажилтан нэмж авах шаардлагатай байгаа. Одоогоор 42 мянга, улирлын чанартай ажилладаг хүмүүсийг оролцуулбал 50 мянган хүн ажилладаг. Тэдгээрийн 45 хувь нь 40-өөс дээш настай бөгөөд ойрын хоёр жилд 17 мянган хүн тэтгэвэрт гарах тооцоо гарчээ. 

Холбоотой мэдээ