ЗАВХАН: Зудын эрсдэлийг даван туулахад олон улсын байгууллагын тусламж дэмжлэг болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-26 16:15:43

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Отгон, Алдархаан сумын 150 малчин өрхөд олон улсын байгууллагаас дэмжлэг үзүүлжээ.

Нэгдүгээр сарын эхээр Монгол орны ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, агаарын температур -40°C хүрч, нийт нутгийн 59 хувь нь зудын эрсдэл их байсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байсан. Зудын эрсдэл ихтэй байсан цаг үед Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын "Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ" (DAAM) төслийн хүрээнд малчдад дэмжлэг тусламж хүргэсэн.


Дээрх байгууллагаас зудын эрт арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлснээр зудаас үүсэх хохирлын хэмжээг багасгаж, зорилтот ард иргэдийн амьжиргааг хадгалахад дэм боллоо.

Тухайлбал, Германы “Aktion Deutschland Hilft” нэгдлийн санхүүжилтээр, Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нийт 150 малчин өрхөд зудыг даван туулахад дэмжлэг үзүүлэх тусламжийн багцыг өнгөрсөн өвөл хүргүүлсэн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Завхан аймгийн Отгон сумын Онц багийн малчин Т.Ихбаяр: “Эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. 200 гаруй малтай, зуншлага муу, өвөлдөө цас их орж, хүйтэн, мал идэш муутай байсан энэ үед олон улсын байгууллагаас цаг үеэ олсон тусламжийг өгсөнд талархаж байна. Орон нутаг болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны тусламж дэмжлэгээр өвлийг давж, хавартай золгосон.

Малчдад өгсөн энэ хивэг тэжээл нь бодит дэмжлэг болж амьжиргаагаа алдах эрсдэлийг даван туулсан. Хохирол багатай малаа мэнд онд оруулж байна. Энэхүү тусламжийн багц нь малчид бидний амьдралд том дэмжлэг болсон” гэв.  

 


Дэлхийн Зөн Монгол ОУБ нь зудын гамшигт өртсөн 16 000 гаруй хүнд тусламж хүргэсэн бөгөөд үүнээс олон хүнд хүрэхээр ажиллаж байна. Дэлхийн зөн зудын яаралтай тусламжаа эхлүүлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд 3400 гаруй гэр бүлийн 16 000 хүн, тэр дундаа 8600 хүүхдэд хүрч хоол хүнс, дулаан хувцас, ном, хичээлийн хэрэгсэл, малын тэжээл, бэлэн мөнгө зэрэг олон төрлийн тусламжийг үзүүлсэн байна.


"Энэ удаагийн үйл ажиллагаа нь Германы тусламжийн холбоо Акшин Дойчланд Хилфт, Старт Нэтворк болон Дэлхийн зөн олон улсын байгууллагын хүүхдүүдийн сайн сайхны төлөөх ивээн тэтгэгч, доноруудын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн, зудаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болсноороо онцлогтой аж. 

Холбоотой мэдээ