ЗАВХАН: Охидын эрүүл мэндийг хамгаалахад зориулж орон нутгийн төсвийг нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-21 15:54:04

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөл хуралдаж, эх хүүхдийн эндэгдлийг гаргахгүй, бууруулах талаар хэлэлцлээ.


Завхан аймагт 2022 онд 1086 эх амаржиж, 1097 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 236-аар, амьд төрсөн хүүхэд 233-аар цөөрсөн байна. 

Харин нялхсын эндэгдэл 13 болж, өмнөх оноос 13-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурсан байна. Мөн онд 1114 жирэмсэн эхийг шинээр хяналтад авчээ.


Жирэмсэн эхийг хяналтад авах нь олон талын эрсдэлээс сэргийлж чаддаг.

Жирэмсний хугацаанд эмчийн тогтмол хяналтад байснаар эхийн биед гарч болох эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах боломжтой юм. Мөн үүсэж болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж чаддаг.

Тиймээс тус аймаг жирэмсэн эхийг хяналтад авах арга хэмжээг шат шатны эрүүл мэндийн байгууллагын хамгийн эхний чухал ажил гэж үзэж буй юм. Ялангуяа зорилтот бүлгийн болон малчин эмэгтэйчүүдийг жирэмсний үеийн хяналтад эрт авч, эх хүүхдийн эндэгдлээс сэргийлж чадах юм.

 

Завхан аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 296 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 297 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 85-аар, амьд төрсөн хүүхэд 40.1 хувиар өссөн байна. Нялхсын эндэгдэл дөрөв болж өмнөх оноос нэгээр буурсан байна. Харин 250 жирэмсэн эхийг шинээр хяналтад авчээ.

 

Аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн орон тооны бус салбар зөвлөл”-ийн ээлжит хурлаар, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад салбар дундын оролцоог хангах, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих. Ингэснээр эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах боломжтой гэсэн асуудлыг тавьж, 2023 оны төлөвлөлт, хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ.



Ингээд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах.

Эсэн мэнд амаржих нөхцөлийг хангах, өсвөр насны охидын эрүүл мэндийг хамгаалахад орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр боллоо.

Мөн энэ онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хагалгааны гэрлийн тоног төхөөрөмжийн гэрэлтүүлгийг сайжруулж, хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх аппаратаар хангахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.


Ингэснээр хөдөө орон нутагт умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэх, дараагийн шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэл багатайгаар эрт үед нь шуурхай үзүүлэх боломжтой болох юм.

Мөн өсвөр үеийнхний нөхөн үржихүйн насныхны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр сургалт, сурталчилгааг хийж, мэдээллээр тасралтгүй хангахад бүх талын хамтын ажиллагааг бодитоор хангах. Энэ чиглэлээр, ерөнхий боловсролын сургуулийн эмч, нийгмийн ажилтан нарын үүрэг, хариуцлагыг сайжруулж, үр дүнг ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулан дүгнэхээр боллоо. Энэ ажилд боловсролын байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагатай нягт уялдаатай ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөмж авч ажиллахыг зөвлөлийн гишүүд дэмжиж, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт үүрэг чиглэл өглөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ