ӨМНӨГОВЬ: Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Э.Тэнүүн тэргүүн байр эзэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-20 16:52:51

Даланзадгад /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын улсын тэргүүний 2 дугаар сургуулийн сурагч Э.Тэнүүн олон улсын мэдээлэл зүйн олимпиадад амжилттай оролцож тэргүүн байр эзэлжээ.

 

Олимпиадыг анх 2017 онд зохион байгуулж байсан бөгөөд энэ жилээс олон улсын олимпиад болон өргөжиж Ази болон Номхон далайн орнууд хамтран хийж байгаагаараа онцлогтой. Олимпиадын Монгол дахь зохион байгуулагчаар “Кодеркуб” сургууль хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн олимпиад “Тогтвортой амьдралын хэв маяг” сэдвийн дор болжээ.


Олимпиадад Бүгд Найрамдах Индонез улс, Бүгд Найрамдах Сингапур улс, Малайз улс, Монгол улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан улс зэрэг 12 орны 5-18 насны 1000 гаруй хүүхэд бүртгүүлж, гар утасны аппликэйшн болон тоглоом хөгжүүлэлт гэсэн ерөнхий 2 төрлөөр нас насны ангилалд өрсөлджээ.

 

Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын 11-13 насны ангиллын 1C хэсэгт тоглоом хөгжүүлэлт төрөлд Э.Тэнүүн өрсөлдөж, өөрийн бүтээсэн тоглоомоо 4 дүгээр сарын 15-ны өдөр болсон онлайн эвент дээр олон улсын шүүгчдийн өмнө англи хэлээр бүтээлээ танилцуулсан юм. Ийнхүү шүүгчдийн нэгдсэн дүнгээр насны ангилалдаа тэргүүн байрт шалгарчээ.

 


Сурагч Э.Тэнүүн нь “Цахим говь” ТББ-ын дэргэдэх Робот урланд кодингийн анхан шатны ангийн суралцагч юм. “Цахим говь” ТББ нь 2018 оноос хойш Даланзадгад сумын хүүхэд, залуучуудын технологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.




 

Тус байгууллагын дэргэд "Робот урлан", “Роботик-электроникт суурилсан олон улсын Стем” хөтөлбөр зэрэг сургалтуудыг явуулахаас гадна энэ жилээс компьютерт суурилсан кодинг сургалтыг явуулж эхлээд байна.



Холбоотой мэдээ