ХЭНТИЙ: Политехник коллежийн оюутнууд сурагчийн ширээ, сандал үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-14 15:50:33

Чингис/ МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын санаачилгаар ЕБС-иудын сандал, ширээг шинэчлэх ажлыг өрнүүлж байна.

Энэ хүрээнд төсвийн мөнгийг хэмнэх, мөнгөний урсгалыг орон нутагтаа үлдээх зорилгоор аймгийн Политехник коллежийн оюутнуудыг түшиглэн хамтран ажиллахаар болжээ. Тодруулбал, эхний ээлжид 75 хүүхдийн ширээ, сандлыг 22 сая төгрөгөөр хийлгэхээр болсон байна. Одоогоор 33 ширхэг сандал, ширээний бэлдэц бэлэн болсон бөгөөд тус ажлыг Политехник коллежийн гагнуур, мужааны ангийн нийт 32 хүүхэд, мэргэжлийн багшийн хамт хийж гүйцэтгэж байгаа юм. Мужааны ангийнхан ширээ, сандлын тавцанг бэлдэж байгаа бол гагнуурын ангийнхан хөлийг нь хийж байна. Ингэснээр оюутнуудад мэргэжил ур чадвараа дээшлүүлэх боломж олгож байгаагаараа давхар ач холбогдолтой гэдгийг багш, сурагчдын зүгээс онцолж байлаа.

"Аливаа бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд чанарын шаардлага нэгт яригддаг. Тэгвэл Политехник коллежийн хувьд энэ төрлийн тоног төхөөрөмжөөр 100 хувь хангагдсан, мэргэжлийн багш нарын удирдлага дор хийж байгаа тул чанарын хувьд санаа зовох шаардлагагүй" хэмээн тус сургуулийн захирал Б.Болд-Эрдэнэ ярилаа.


Холбоотой мэдээ