ӨМНӨГОВЬ: “Эрүүл аюулгүй ажил бидний суурь эрх” сэдэвт сарын аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-14 14:37:11

Даланзадгад /МОНЦАМЭ/ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг 10 дахь жилдээ зохион байгуулж, 4 дүгээр сарын 13-ны өдөр Цогтцэций сумаас эхлүүллээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Харин Монгол Улс 2011 оноос хойш тус өдрийг тохиолдуулан 4 дүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.


Цогцэций суманд зохион байгуулж байгаа аяны үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшил, иргэд, уул уурхайн төлөөлөл зэрэг 100 гаруй хүмүүс оролцжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль дүрмийг сурталчлан таниулах, мэргэжлийн хяналтын чиг үүрэг, авто тээвэр, уул уурхайн салбарын ХАБЭА-ын тэргүүн туршлагыг сурталчлан таниулахын зэрэгцээ харилцан туршлага солилцох үйл ажиллагааг тус аянаар зохион байгууллаа.



Цогтцэций өртөөний ХАБЭА-н инженер Х.Нэргүйбаатар

Манай өртөө нь байгууллага дотроо “Дүрэмч ажиллагаа” гэсэн ХАБ-ын аяныг зарлаж энэхүү сарын аянд нэгдэж байгаа. Энэ үйл ажиллагаагаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хэрхэн хангагдаж ажиллах ёстой байдаг вэ? Дүрэм журмаа баримталж ажиллахын ач тус зэргийг ажилчдадаа сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна. Бүх алба хэлтэс ХАБ-ын дүрэм журмын чиглэлээр төлөвлөгөө гарган түүнийгээ танилцуулаад хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажлын гүйцэтгэлээ 5 дугаар сарын 1-нд сарын аянд хэр оролцоотой байснаар нь дүгнэн нийт 3 байр шалгаруулан шагнаж урамшуулахаар уралдаан зарласан.

Мөн бид 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлууддаа дүгнэлт хийж, алдаа оноогоо дүгнэн цэгнэн, 2023 оныхоо ажилд тусган ажиллаж байна. Цогтцэций өртөөн дээр ажиллаж байгаа уул уурхайн болон тээврийн компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцөлөө ханган дүрэм журмын дагуу ажиллахыг уриалж байна. 

Холбоотой мэдээ