ӨМНӨГОВЬ: “Үр дүнд суурилсан боловсрол” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-11 08:29:21

Даланзадгад /МОНЦАМЭ/. Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жилийн ажлын хүрээнд Боловсролын ерөнхий газраас ажлын баг 2023 оны 4 дүгээр сарын 3-14-ний өдрийг хүртэл 21 аймгийн 42 сургууль дээр ажиллана.       

                                                                                                                                                                                                                                                              Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироор ахлуулсан ажлын баг Өмнөговь аймагт ажиллаж аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн нартай уулзлаа.

 

Тус уулзалтаар Өмнөговь аймгийн 2023 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж, Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал солилцож, “Үр дүнд суурилсан боловсрол” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцаж, төслийн саналыг танилцууллаа.

 

Энэ хүрээнд Боловсролын шинэчлэлийг цогц байдлаар, бодитой хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн Монголын анхны загвар аймаг болох, Олон улсын жишигт нийцсэн сүлжээ бүхий сургалтын орчныг байгуулах, Олон улсын steam хөтөлбөрийг нэвтрүүлэх, 21 дүгээр зууны чадамжид суурилсан багшийн заах арга зүйн мэдлэг олгох, аймгийн ЕБС-ийн бүх шатны удирдлага, багш нарын англи хэлний мэдлэгийг үнэлгээ судалгааны үндсэн дээр тулгуурлан цогцоор нь тэгш хамруулах, ахисан түвшинд бэлтгэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцжээ.




Мөн ажлын багийнхан зарим цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш болон ажилтан, эцэг эх, суралцагчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж үйл ажиллагаатай танилцсан юм. Өмнөговь аймаг боловсролын салбартаа шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж байгаа шиг бусад аймагт энэ жишгийг тогтоох хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцоллоо. 


Өмнөговь аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн

Боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтаар багш нараа тасралтгүй чадваржуулах олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байгаа. “Говийн оюу” сан, НҮБ-тай хамтарсан боловсролыг дэмжих нэгдсэн хөтөлбөр удахгүй үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болж байна. Мөн аймгийн Засаг дарга Р.Сэддорж санаачлан Сингапурын боловсролын хөтөлбөрийг нутагшуулж тус хөтөлбөрийн хүрээнд багш нараа чадавхжуулан 200 мастер багшийг бэлтгэх ажил хангагдсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Боловсролын ерөнхий газрын дарга Ням-Очир ач холбогдол өгч бодлогын түвшинд дэмжиж ажиллахаар саналаа хэлсэн.

Мөн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзаж санал сэтгэгдлийг сонслоо. Мөн багш болон байгууллагыг үнэлэх шинэ аргачлалтай болсон. Энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг багш нарт өгсөн. 

Холбоотой мэдээ