Дотуур байрны хүүхдийн өдрийн хоолны мөнгө бодит байдалд нийцдэггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-08-29 16:16:56

Норвегийн тусламжийн байгууллагын Боловсрол-Хүүхэд хамгааллын  “Хүүхдийн эрх-Хөгжил 2” төслийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Дэлүүн, Согог, Ховд, Дөргөн сумын сургуулиудын дотуур байрт хийсэн дунд хугацааны үнэлгээний тайлангийн хурал Баян-Өлгий аймгийн 1 дүгээр сургуулийн байранд боллоо.

Дээрх аймгуудад Хүүхдийн эрх-Хөгжил 2” төслийн хүрээнд “Дотуур байр” төсөл нь 2014 оноос хэрэгжиж эхэлжээ.

Төслийн үр дүнд улсын хэмжээнд сургуулийн дотуур байруудад “Дотуур байрны багшийн журнал”-ыг хөтлөх, “Дотуур байрны календарчилсан төлөвлөгөө”-г мөрддөг болжээ. Одоо улсын хэмжээнд “Дотуур байр”-ны стандартыг гаргаж батлуулахаар ажиллаж байгаа аж.

Төслийн дунд шатны үнэлгээг Ховд, Баян-Өлгий аймгийн Хүүхдийн төлөө үндэсний газрын ажилтнууд, зургаан настнууд болон бусад хүүхдүүд, эцэг эх, дотуур байрын зөвлөлтэй хамтран хийжээ. Үнэлгээний явцад сургуулийн дотуур байр нь хүүхдийн эрхийг хамгаалсан, тэдний сурч боловсрох,  чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх нөхцлийг хангасан, хүүхдийн саналыг сонсож шийдвэр гаргахад оролцуулах, эцэг эх, сургуулийн удирдлагууд, холбогдох төр захиргааны байгууллагууд дотуур байрны нөхцлийг сайжруулах талд хамтран ажиллах, төслийн тогтвортой байдал хангалттай байгаа нь  сайшаалтай байна гэж дүгнэжээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сургуулийн дотуур байранд сурагчдын хоол хүнсний амт чанар, хүрэлцээ тааруу болон ахлах тогооч хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж хэл амаар доромжилдог, зодсон, сурагчид хичээл хийх ширээ, орны  хүрэлцээ тааруу, эцэг эхийн оролцоо сул, улсын хэмжээнд зургаан настнуудын дунд нэгдсэн судалгаа хийх, үндэсний онцлогоос хамаарч хүүхдүүдийн монгол хэлний мэдлэг тааруу, зарим сумын сургуулийн усны хүрэлцээ хангалтгүй зэрэг анхаарал хандуулах асуудал ч бий аж.

Орон нутагт хүүхэд эцэг эх, гэр бүлээсээ хол 256 хоногийг сургуулийн дотуур байранд өнгөрөөдөг. Дотуур байрны хүүхдийн өдрийн хоолны мөнгө 2.315 төгрөг, нэг сургуулийн жилийн эмийн хэрэгцээний төсөв 160.000 төгрөг байгаа нь бодит байдалд нийцдэггүй. Энэ талаар Боловсролын яаманд удаа дараа хүсэлт тавьдаг ч дээд шатны байгууллагууд нь анхааралдаа авдаггүй, дэмждэггүй байна. Сурагчдын хоол хүнсний хангамжинд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, “Дотуур байр”-ны эмчээр мэргэжлийн чадваржсан эмч ажиллуулах талд анхаарвал зохихыг хэлж байлаа. 

Тус тайлангийн хуралд Норвегийн тусламжийн байгууллагын Ховд, Баян-Өлгий аймгийг хариуцсан төслийн удирдагч, ажилтнууд, тус байгууллагын Боловсрол-Хүүхэд хамгааллын төслийн баг, Эрүүл мэндийн хөгжил анхан шатны төслийн удирдагч, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, Баян-Өлгий аймгийн Боловсролын газар, Гэр бүл хөгжил залуучуудын хэлтэс, Ховд аймгийн ЗДТГ, Боловсролын газар болон төсөл хэрэгжүүлж буй сургуулиудын захирал, багш, нийгмийн ажилтан, эмч нар оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ