МӨНГӨНИЙ БОДЛОГО 2023: Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-07 10:40:52
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхлээд байна.


Тэгвэл 2023 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын онцлог юу байна вэ? Юуны түрүүнд, дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдлаас шалтгаалсан гадаад, дотоод үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлийг төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх замаар даван туулах, Монгол Улсын эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулсан хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байна.


Эдийн засгийн өсөлт ямар байх вэ?

Дэлхий дахиныг хамарсан коронавирусний үр нөлөө, гадаад орчны таагүй нөхцөл байдал нь Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлж, өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд эдийн засгийн идэвхжил сул байж ирсэн билээ. Гэхдээ төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын талаар авсан удаа дараагийн арга хэмжээнүүд үр дүнгээ өгч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 2022 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар тэлжээ. Тухайлбал, тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлэн сэргэсэн хэмээн Монголбанк үзэж байна.


Тиймээс цаашид экспорт үргэлжлэн сэргэсэн тохиолдолд эдийн засаг энэ онд 3 хувь, ирэх 2023 онд 4-5 хувиар өсөх тооцоолол гаргаж мөнгөний бодлогод тусгасан байна.


Инфляцийн талаар ямар бодлого баримтлах вэ?

Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд инфляц дотоод эдийн засгийн идэвхжлээс гадна гадаад үнэ, шатахуун, эрчим хүчний үнэ, валютын ханш, тээвэр логистикийн хүндрэл зэргээс шалтгаалан өсөж байна. Манай улсын нийт инфляцын 60-70 хувь нь тээвэр болон гадаад үнэ, түүний шууд болон дам нөлөөгөөр бий болж байгаа аж.


Монголбанк дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, цаашид инфляцыг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад урьдач, суурь нөхцөл болох тул инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Энэ зорилтыг хангахад тээвэр логистикийн нэгдсэн зохион байгуулалт, дотоодын хүнсний бүтээгдэхүүний хангамжийн тасралтгүй байдал, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яам, агентлагийн үйл ажиллагаа том хувь нэмэр болно хэмээн үзэж байна. Ялангуяа экспортын орлогыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай, экспортын орлогыг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн аливаа хүндрэлийг давах, валютын ханшийг тогтворжуулах бололцоогүй гэдгийг Монголбанк онцлож байна.


2022 онд Монголбанкнаас бодлогын хүүг 4 удаагийн шийдвэрээр нийтдээ 6 нэгж хувиар нэмэгдүүлж, бодлогын тохиргоог хийгээд байгаа. Гэхдээ цаашид дан ганц мөнгөний бодлогыг хатууруулах замаар одоогийн асуудал, хүндрэлийг шийдвэрлэх гэж оролдох нь хувийн сектороо татаж унагах эрсдэл дагуулах нь тодорхой болсон. Бодлогын хүүг нэмэгдүүлэх бүр хувийн хэвшлийнхэн санхүүгийн цохилт авч, түрүүчээсээ үүд хаалгаа барихад хүрч байна. Иймд Монголбанкнаас бусад бодлогын тохиргоо, үйл ажиллагааны зохион байгуулалтыг цаг алдалгүй хийх нь илүү ач холбогдолтой хэмээн 2023 оны мөнгөний бодлогодоо тусгажээ.


Төлбөрийн тэнцлийн талаар ямар бодлого баримтлах вэ?

Манай улсын худалдааны тэнцэл муудсан нь валютын цэвэр орох урсгал багасахад нөлөөлж байна. Улмаар валютын хомсдол бий болж, үнэ өсөх, тэр нь бүх салбарт нөлөөлөх байдал үүссэн. Монголбанк худалдааны тэнцлийн алдагдал тэлэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд:

  • Сүүлийн улирлуудад дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч манай экспортын үнэ бодитоор бага байсан,
  • Том төслийн бүтээн байгуулалтуудыг дотоод эх үүсвэр, экспортын орлогоос санхүүжүүлж байгаа нь валют орж ирэх урсгалыг багасгаж, импортыг тэлсэн,
  • Бензин, шатахуун, хүнсний үнэ гэх мэт импортын үнийн өсөлт импортын төлбөрийг нэмэгдүүлсэн,
  • Төсвийн өндөр зардал, хямралын дараах эдийн засгийн сэргэлт зэрэг багтаж байна.

Төлбөрийн тэнцлийн тусгал болох валютын орох, гарах урсгалын зөрүү нь эцэстээ хатуу мөнгөний бодлоготой зэрэгцэн банкны систем дэх эх үүсвэрийг бууруулж, улмаар зээлийн өсөлтийг сааруулж эхлээд байгаа таагүй мэдээ байна.


Цаашид ч дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нь худалдааг хөнгөвчлөхөд эерэг нөлөө үзүүлэх хэдий ч олон улсын геополитикийн нөхцөл байдал, цар тахлаас үүдэлтэй тээвэр, ложистикийн саатал, БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг-Ковид” бодлого зэрэг гадаад хүчин зүйлсээс маш олон зүйлс хамаарна гэдэг нь тодорхой байна.


Иймд Монголбанк улсын санхүүгийн нөөц чадавхийг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоод санхүүгийн чадавхтай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгажээ.


  • Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарав.
  • Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.
  • Түүнчлэн, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар л экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой юм.
  • Мөн гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна.
  • Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихээр зорьж байна.

Эдгээр асуудлуудад ганцхан манай улс биш дэлхий нийтээр анхаарал хандуулж байгаа. Түүнчлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх ажлуудыг ч зорилт болгожээ.


"Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь хамгийн чухал болж байна. Монголбанкны 2023 оны бодлого, үйл ажиллагаа инфляцыг зорилтот түвшинд эргүүлэн тогтворжуулах замаар эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ" хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-д танилцуулахдаа онцолсон юм.




Эх сурвалж: Монголбанк

Холбоотой мэдээ