ОХУ Украинтай хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-23 11:30:31

МОСКВА. /RT/. Орос улс Украинтай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдэгджээ.


"Бид яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Гэхдээ энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх бөмбөг Украины талд байна гэдгийг дахин нэг удаа онцолж хэлье" гэж В.Мединский Беларусийн телевизийн "ОНТ" сувагт ням гарагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.


Тэрбээр хэлэлцээ мухардалд орсныг бүхэлдээ Украины санаачилга гэв.


Мединскийгийн хэлснээр, барууны орнууд Украиныг улс төр, санхүүгийн үүрэг хариуцлагаар хүлэхийг зорьж байна.


Хэрэв Украины тал хэлэлцээний ширээний ард дахин суух хүсэлтээ илэрхийлбэл Москва Киевтэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко урьд нь мөн мэдэгджээ. Хэлэлцээг сэргээх гол нөхцөл нь хэлэлцэх сэдэв нь бэлэн байх явдал юм гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ