Шилжин суурьшигчдад зөвлөгөө мэдээлэл хүргэх ажлыг НҮБ-ын дэмжлэгээр хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-02 22:07:47

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн "Сэтгэлийн гоёл" төрийн бус байгууллага нь НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран Завхан аймгийн шилжин суурьшигчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Тус төрийн бус байгууллага нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран шилжин суурьшигчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллийг хүргэх чиглэлээр ажиллаж буй юм.


Эднийх шилжин суурьшигчдыг чадавхжуулах замаар тэдний эмзэг байдлыг бууруулах чиглэлээр гурван зорилтын хүрээнд ажиллажээ. Тухайлбал, шилжин суурьшигчдад эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг аймгийн Ахмадын ордны нэгдүгээр давхарт нээгээд буй. Энэ төв нь шилжин ирсэн иргэдэд үнэ төлбөргүй эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Мөн Улиастай сумын зургаан багийн зорилтот бүлгийн 40 иргэнд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх багц сургалтыг хийжээ. Сургалтын хүрээнд хөдөлмөрийн эрх зүй, гэр бүлийн харилцаа, хувь хүний хөгжил, өөрийн үнэлэмж зэрэг шилжин ирсэн иргэнийг чадавхжуулах. Хөдөлмөрт бэлтгэх агуулга бүхий сургалтыг цогц байдлаар зохион байгуулдаг байна. Мөн оролцогчдын дунд хуримтлал үүсгэх зорилгоор “Итгэлцэл” дундын хадгаламжийн бүлгийг үүсгэн ажиллуулж байна. Түүнчлэн сургалтад оролцогчид болон хүсэлт тавьсан иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрийн үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хамруулах. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд холбон зуучлах үйл ажиллагааг явуулдаг аж.

 

Шилжин суурьшигчдад зөвлөгөө мэдээлэл өгч буй 15 төрийн бус байгууллага туршлага солилцов

НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагаас орон нутгийн төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалтыг хийжээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтад зургаан аймгийн 15 төрийн бус байгууллага, зургаан төрийн байгууллагын төлөөллүүд оролцжээ. Сургалтаар орон нутгийн төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах. Төрийн бус байгууллага болон орон нутгийн төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж улмаар шилжин суурьшигчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар харилцан туршлага судалж мэдээлэл солилцжээ. Мөн үеэр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөллүүд  Завхан аймгийн Засаг даргатай уулзаж санал солилцжээ. Тухайлбал, Завхан аймгийн шилжилт хөдөлгөөний төлөв байдал, одоо тус аймагт хэрэгжиж буй төслүүдийн үйл явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 9 аймаг, Улаанбаатар хотын нийт 13 төрийн бус байгууллага шилжин суурьшигчдын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих. Шаардлагатай мэдээлэл, үйлчилгээ хүргэхээр ажиллаж байгаа аж. Эдгээр төрийн бус байгууллагууд нь зургаан сарын хугацаанд 500 гаруй шилжин суурьшигчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. Нийгэм сэтгэлзүйн дэмжлэгийг 700 шилжин суурьшигчдад үзүүлжээ. Мөн улс даяар 20 мэдээллийн өдөрлөг зохион байгуулж, дотоод шилжилт хөдөлгөөний тухай нэн шаардлагатай мэдээллийг хүргэх зорилготой ажиллаж байна. 


Холбоотой мэдээ