Завханы Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд олон улсын уралдаанд амжилт үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-12 16:44:59

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Хөгжим бүжгийн коллежийн оюутан суралцагчид ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотноо зохион байгуулсан “Найдал-2022” олон улсын дөрөвдүгээр уралдаанд амжилттай оролцлоо.

Оюутан, суралцагчид олон улсын “Найдал-2022” VI уралдааны эхний шатны шалгаруулалтад цахим хэлбэрээр оролцжээ. Мөн уралдааны 19, 26 насны ангилалд оролцсон зургаан суралцагч, хоёр оюутан хоёрдугаар шатны шалгаруулалтдаа тэнцэж, захирал Ж.Ганхуягаар ахлуулсан найман  оролцогч, зургаан багш ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьж ганзага дүүрэн ирлээ. Энэ уралдаан нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Олон улсын томоохон уралдаануудын нэг юм.

Манай суралцагчид тус уралдаанаас морин хуур хөгжмийн багш С.Түмэнбаярын удирдсан долоодугаар ангийн суралцагч Э.Энх-Оргил хоёрдугаар байрыг, лимбэ хөгжмийн багш А.Адилбатын удирдсан хоёрдугаар дамжааны оюутан Б.Мөнхзул гуравдугаар байрыг, ёочин хөгжмийн багш Ж.Наранцацралын удирдсан 11-р ангийн суралцагч Б.Хулан дөрөвдүгээр байрыг тус тус эзэллээ.

Мөн ёочин хөгжмийн багш Б.Өлзийбүрэний удирдсан 11-р ангийн суралцагч О.Галбадрах дөрөвдүгээр байрыг, хуучир хөгжмийн багш И.Энхзулын удирдсан нэгдүгээр дамжааны оюутан М.Энхтүвшин дөрөвдүгээр байрыг мөн эзэллээ. Энэ нь Хөгжим бүжгийн коллежийн оюутан, суралцагчдын хувьд хилийн чанадад оролцсон анхны, олон улсын томоохон уралдаан байсан бөгөөд уралдаанд оролцсон оюутан, суралцагчдын 50 орчим хувь нь ийнхүү амжилт үзүүллээ.

Мөн үеэр Олон улсын шүүгчдийн зохион байгуулсан мастер класс сургалтуудад багш нар хамрагдаж, мэргэжил арга зүйгээ дээшлүүлж, бусад орны хөгжимчид, багш нар, судлаачдаас туршлага судаллаа гэж СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежоос мэдээлэв.

Ташрамд 2023 оны дөрөвдүгээр сард Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллеж, Улаан-Үд хотын П.И.Чайковскийн нэрэмжит Урлагийн коллеж, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулиуд хамтран гурван улсын тоглолтыг зохион байгуулах юм. 

Холбоотой мэдээ