Улаагчны Хар нуур бол төрөө манаж байдаг их Лууны мэлмий нь юм

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-04-11 18:07:49

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн нутаг, Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны Хар ус нуурын сонин түүхийг өгүүлье.

Монголд анх удаа “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулсан Эрдэнэхайрхан сумын нутаг Улаагчны Хар нуурын талаарх домгийг нутгийнхан аялагчдад сонирхуулан ярих дуртай аж.

/Улаагчны Хар нуурын эрэг дээр 2017 онд зохион байгуулсан Нүүдэлчдийн соёлын наадам/

/Улаагчны Хар нуурын эрэг дээр 2017 онд зохион байгуулсан Нүүдэлчдийн соёлын наадам/

/Улаагчны Хар нуурын эрэг дээр 2017 онд зохион байгуулсан Нүүдэлчдийн соёлын наадам/


Ардын дунд үлдсэн домог ярианаас үзэхэд Монголыг харж, хамгаалж явдаг хоёр их хүчтэй луу байдгийн нэг нь Завхан аймагт байдаг ажээ.Тэр хоёр лууны нэг нь улс орноо харийн хүмүүсээс хамгаалж, зүүн зүгт цаашаа харсан хэлбэртэй оршдог бол төрөө хамгаалах үүрэгтэй их луу нь Завхан аймгийн баруун хэсгийг эзлэн оршдог ажээ. Түүний мэлмий нь Улаагчны хар нуур ажгуу. Түүнийг тойрон орших элсэн манхнуудыг луугийн их бие гэх бөгөөд Хүнгий зэрэг ус, гол, горхийг лууны судаснууд гэдэг ажээ.

/Улаагчны Хар нуурын үдэш/


Луу нь дөрвөн мөчиндөө дөрвөн их эрдэнэ атгасан нь Эрдэнэхайрханы Бор давс, Дөрвөлжин сумын Хомын талын давс, Сантын давснууд гэнэ. Баяннуурыг түүний бөөр нь гэх бөгөөд баруун, зүүн Монголын их элсийг уушги, зүрх нь гэх мэтээр нэрлэдэг байна.  Завханчууд  Улаагчны хар нуурын өмнөд хэсэгт буюу энэ их лууны мэлмийн тольтод “Нүүдэлчний соёлын их наадам”-аа  2017 онд Монголд анх удаа амжилттай зохион байгуулж, төрөө манасан их лууны мэлмийг баясгажээ. Тиймээс наадмын өмнө лууны мэлмийд өчүүхэн ч төдий буртаг оруулахгүйгээр тунгалаг оршоож, баясгах, түүний эд эрхтнийг гэмтээж сэвтээхгүйгээр наадах их үүрэг, хариуцлагыг нийт ард олон, наадамчдадаа уриалж байсан.

Тиймээс байгаль орчинтой харьцах соёл, эх дэлхийгээ хайрлах ухаанаас суралцаж  хүн бүр төрөө манасан их лууны адис жанлавыг хүртэхийн тулд байгаль орчинтойгоо зөв харьцаж сайхан наадаж байсан түүхтэй. Монгол хүн хамгийн их эрхэмлэн хайрлах зүйлээ нүдний цөцгий мэт хэмээн нэрлэдэг. Мэлмийдээ өчүүхэн төдий зүйл ороход хэрхэн торж, хорсгон өвдөхийг мэдэх ухаант Хүмүүн Та бид Их луугийн мэлмий болсон “Хар нуур” -аа түүний эд эрхтэн болсон эргэн тойрны үзэсгэлэнт газар бүрийг нүдний цөцгий мэт хайрлах учиртай. Луу уурлаж биш баясан хүрхрэх ёстой хэмээн нутгийн иргэд Улаагчны Хар нуурыг зорин ирэх аялагчдад дуулгадаг байна.

/Сантмаргаз сумын нутаг Баяндавс/


/Улаагчны хар нуур сансраас авсан зураг/



 Улаагчны Хар нуурын байгаль экологи

Улаагчны Хар нуур нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 километрт оршдог.

Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48 метр, уртаашаа 30 орчим километр, өргөн нь 5-10 километр сунаж тогтсон нуур юм. Уг нуурт Омуль, Фельд гэсэн хоёр төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн “Их, бага хоёр Авгаш” нэртэй арал бий. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг байна.


Улаагчны Хар нуураас өмнө зүгт үзэсгэлэнт Мухартын гол бий. Энэ гол нь Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсаж Айраг нуурт цутгадаг гол юм. Урт нь 200 км, ай савын талбай нь 21,6 мянган км/кв. Усны жилийн дундаж зарцуулалт 2,1м/сек, 3м. Муразаевын тэмдэглэснээр эрт цагт их хулсан шугуйтай байжээ. Уг гол нь эргийн дагуух хүнхээл, элсэн толгодууд, Хүнгүйн, түнгээ зэрэг байгалийн өвөрмөц тогтцыг бүрдүүлсэн газрууд олонтой Завхан аймгийн говийн бүсийн сумдын тэжээгдмэл гол юм. Эрдэнэ хайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн түвшнээс дээш 450 метр өндөр элсэн манхнаас эх авч урсдаг. Хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэтэй, байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолборт газар. Мухартын голруу аялах гэж буй аялагчдад зөвлөхөд та заавал мосттой тээврийн хэрэгслээр явахад болно.


/Мухартын гол/ 

Холбоотой мэдээ