Сүхбаатар аймаг 2030 он хүртэл 10 сая мод тарина

ТЭРБУМ МОД
odonchimeg@montsame.mn
2022-03-28 19:00:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт гурав дахь өдрөө тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймаг 2030 он хүртэл 10 сая мод тарих үүрэг авчээ. Ингэхдээ жил бүр 1,1 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд газар нутаг, хүн ам, ААНБ-ын тоог үндэслэн сумдад тарих модны тоог хуваарилж өгсөн байна.

Тэрбум мод зөвлөгөөнд сумд, агентлаг албадын дарга нараас гадна мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, нөхөрлөл хоршоод, төсөл хөтөлбөрийн мэргэжилтнүүд болон академич, шинжлэх ухааны гавьяат ажилтан Ч.Дугаржав, ХААИС-ийн доктор, профессорын баг бүрэлдэхүүн урилгаар оролцож санал, туршлагаа хуваалцжээ.  


Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь оролцсон. Тэрээр хэлэхдээ, Баруун-Урт соёл амралтын хүрээлэн төслийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлнэ. Голоо дагасан соёл амралтын хүрээлэн байгуулах санаачилга гаргаж шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгуулсан. Нийт 246 га талбайг хамрах уг бүтээн байгуулалтын 150 га талбайд мод тарихаар төлөвлөж байна. Ингэхдээ дуслын усжуулалтын системийг нэвтрүүлнэ. Хэдэн жилийн дараа Баруун-Урт сум голоо дагасан бичил ойтой болно гэж төсөөлдөг. Үүнийгээ ч ажил хэрэг болгохын төлөө хичээн ажиллана. Энэ бол УИХ-ын гишүүний зүгээс мод тарих ажилд оруулах хувь нэмрийн нэг юм гэдгийг онцоллоо.

Тус аймаг одоо 20 гаруй мянган модтой. Мод тарихаас илүүтэй тарьсан, одоо байгаа модоо арчилж ургуулах нь хамгийн чухал гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ