Тэс сумын цэцэрлэг ариун цэврийн байгууламжтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-14 15:10:38

Завхан/МОНЦАМЭ/. Тэс сумын  цэцэрлэг орчин үеийн стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болжээ.

Тус цэцэрлэг нь “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих” төслийг сумандаа амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сан, болон Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр ариун цэврийн байгууламжтай болсон байна.

Өмнө нь гадаа жорлонтой, дотроо зөөврийн устай байсан цэцэрлэгийн хүүхдүүд шинэ ариун цэврийн байгууламжтай болсноор ямар ч улиралд ариун цэврийн шаардлага хангасан орчин нөхцөлд сурах боломжтой болжээ. Тус цэцэрлэг нь 152 хүүхэдтэй бөгөөд цар тахлын үед цахимаар сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулжээ. Мөн 2012 оноос Арц суурийн хилийн боомт дээр салбар бүлэг ажиллуулж, 24 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.

Энэ онд аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгээр сумандаа Багш хөгжлийн төвтэй болжээ. Багш хөгжлийн төвд 9 сая төгрөгийн өртөгтэй иж бүрэн тоног төхөөрөмж олгожээ. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Арц суурийн цэцэрлэгийн салбар бүлэгт суурин компьютер нэгийг өгснөөр багш нарын цахим сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явуулах боломж бүрдсэн. Мөн багш хөгжлийн төвтэй болсноор цэцэрлэгийн багш нар сургалтын бус өдрүүдэд өөрсдийгөө хөгжүүлэх, хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх төдийгүй мэдлэг боловсролоо дээшлүүлэх нөхцөл боломж бүрдлээ гэж Тэс сумын цэцэрлэгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ