Г.Занданшатар: Төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” ТББ хамтран “Тэгш боломж-хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар анхдугаар чуулганыг нээж үг хэлэв. Тэрбээр төрийн албаны шинэчлэл хүнийг нь өөрчилж, халж сэлгэнэ гэсэн үг биш. Гагцхүү үзэл санаа, хандлага, сэтгэлгээ, мэдлэг, ур чадварыг нь өөрчлөн шинэчилнэ гэсэн үг. Төрд ажиллаж байгаа албан хаагч аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн даргын төлөө биш Монгол төрийн төлөө зүтгэдэг, Монгол хүн бүрд үйлчилдэг байж энэ шинэтгэлийн нэгэн том зорилго биелнэ гэдэг байр суурь нь одоо ч хэвээр байгаа" хэмээв.
УИХ-аас 2011 онд баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албан дахь эмэгтэйчүүд, түүний дотор удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн тоо жил тутам нэмэгдсэн байна. Төрийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчдын 62.59 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2021 онд Монгол Улс өмнөх оныхоос 10 байр ахиж 69 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь төрийн албаны удирдах албан тушаал буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдсэний нотолгоо гэдгийг УИХ-ын дарга онцлов. Түүнчлэн төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлснээр ирээдүйн манлайлагч эмэгтэйчүүдийг төрийн системээрээ дамжуулан бэлдэх боломж бүрдэнэ. Энэ нь жендэрийн ялгааг бууруулах үйлсэд бодит алхам болно гэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкофф нар үг хэллээ.
Анхдугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Эмэгтэйчүүд ба хөтөлбөр эрхлэлт”, Төрийн албаны зөвлөлийн дарга Б. Баатарзориг “Тэгш боломж-Төрийн албаны хүний нөөцийн бодлого”, Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны дарга Т. Энхбаяр “Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдал” сэдвээр илтгэл тавилаа.
Чуулганд УИХ, Засгийн газрын яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын хүндэт зочдоос бүрдсэн 400 орчим төрийн захиргааны албан хаагч оролцов. Төлөөлөгчид уг чуулганыг анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай талаар санал хэллээ.