"Медипас" эмнэлгийг ЭМЯ-нд шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2022-02-24 12:45:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 69.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2013 онд барьсан "Медипас" эмнэлэг, 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилгыг хувийн хэвшилд шилжүүлсэн байсныг төрийн өмчид буцаан авахаар шийдвэрлэснийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээллээ. 


Засгийн газрын хуралдааны дараа болсон хэвлэлийн хурлын дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.


-Энэ асуудалтай холбоотойгоор шүүх хурал болсон уу. Эмнэлгийг шилжүүлэх үед "Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх захирал байсан Ц.Даваацэрэнд хариуцлага тооцох уу?


-Ц.Даваацэрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ шалгаж байгаа. Харин өмчийн харилцааны асуудал тусдаа шийдэгдэнэ.


-Эзэмшигч компанид нөхөн төлбөр олгох уу?


-УИХ, Засгийн газар төрийн өмчийг хувьчлах жагсаалт баталдаг. "Медипас" эмнэлэг энэ жагсаалтад ороогүй. Хоёрдугаарт, төрийн аливаа өмчийг хувьчлахдаа Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авах ёстой. Энэ зөвшөөрлийг аваагүй. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байсан. Тэгэхээр үйлдвэрийн өмчийг хувьчлах талаар ТУЗ-ийн шийдвэр гарах ёстой. Ийм шийдвэр ч гараагүй. Өөрөөр хэлбэл, хууль ёсны ямар нэгэн шийдвэр, бичиг баримтгүйгээр шууд хувьчлаад авсан тул шүүхийн ямар нэгэн асуудал байх ёсгүй гэж үзэж байгаа.


-"Медипас" компани нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа вэ?


-2013 оны ханшаар 69.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 50 айлын орон сууц зэргийг авсан байна. Тэгээд 2016-2017 онд 12.7 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс бэлнээр аваад 6.6 тэрбумыг нь эгүүлэн төлсөн байсан. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмчийг үнэгүй аваад, дахиж бэлэн мөнгө аваад түүнийгээ буцаагаад төлбөр төлж байгаа хэлбэрээр өгсөн нь луйврын систем юм.


-Эмнэлгийг цаашид хэрхэн ашиглах вэ?


-Бүсийн эрүүл мэндийн төв болгож, ЭМЯ-нд шилжүүлэх ажлыг цаашид хийнэ. Эрүүл мэндийн олон байгууллагыг хувьчилж байсан асуудал бий. Гэхдээ хуулийн дагуу. Харин энэ асуудалд хууль ёсны шийдвэргүйгээр шууд хувьчилж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдлагууд нь албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна. Үүнээс гадна Хөтөлийн цементийн үйлдвэр байна. 1.3 тэрбум төгрөгөөр улсын үйлдвэр хувьчилж авчихаад Хөгжлийн банкнаас барьцаагүйгээр авсан асуудал бий. Өнөөдөр 300 тэрбум төгрөгийн зээлийн асуудал яригдаж байгаа шүү дээ. Ийм байж болохгүй. Энгийн иргэд орон сууц авахдаа ямар шалгуур давдаг билээ. 100 сая төгрөгийн байрыг 50 саяар үнэлүүлж зээл аваад буцаагаад 100 саяын хүү төлдөг биз дээ. Тэгээд иргэн, шударга бизнес эрхлэгчид зээл олддоггүй. Олдохоороо асар өндөр хүүтэй байдаг. Гэтэл Хөгжлийн банкнаас эрх мэдэлтэй нөхдүүд бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байгаа нэртэй хэдэн тэрбумаар нь зээл олгодог асуудал бий.


Шадар сайд С.Амарсайханы мэдээллийг энд дарж уншина уу.

Холбоотой мэдээ