Гар утасныхаа гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-19 19:19:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6 хувь нь явган зорчигч гэх статистик бий. Үүнээс нийслэлд 72 буюу 55.8 хувь, орон нутагт 57 буюу 44.2 хувь нь бүртгэгдсэн байна.


Цагдаагийн байгууллагаас явган зорчигчийн зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Гэрлээр анхааруулъя” нөлөөллийн аяныг Монголын Оюутны холбоотой хамтран өнөөдрөөс эхлүүллээ. Уг аян ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм.


Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас гэмтсэн 2475 хүний 1095 нь явган зорчигч бөгөөд үүнээс 80 орчим хувь нь нийслэл хотод шөнө, оройн цагаар осолд өртжээ. Хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн дийлэнх буюу 80-90 орчим хувь нь хар бараан хувцас өмсөж, гарц гармаар зам хөндлөн гарч байхдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их гарч байна. 


ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир хэлэхдээ,  “Автомашинуудын гэрлийн гялбаанд бараан өнгийн хувцастай хүн холоос харагддаггүй. Ийм тохиолдолд жолооч хараад зогсоох арга хэмжээг авсан ч өвлийн халтиргаа гулгаатай үед явган зорчигчийг мөргөсөн тохиолдол бүртгэгдсээр байгаа юм. Тиймээс иргэдийг зам хөндлөн гарахдаа гар утасныхаа гэрлийг асааж зам хөндлөн гарахыг уриалж байна" гэлээ..


Учир нь гар утасныхаа гэрлийг асаагаад замын хажууд зогсоход замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид 150-200 метрийн зайд харагдах тул холоос хурдаа сааруулах боломжтой болдог байна.




Шөнө автомашиныхаа ойрын гэрлийг асааж яваа жолоочид явган зорчигч

  • хар өнгийн хувцастай бол 17 метрээс бага,
  • хөх өнгийн хувцастай 17 метр,
  • улаан өнгийн хувцастай 24 метр,
  • шар өнгийн хувцастай 37 метр,
  • цагаан өнгийн хувцастай 55 метр,
  • гэрэл ойлгогч хантаазтай бол 130-150 метрээс харагддаг байна. 

Нэмж дурдахад, сүүлийн таван жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлсний улмаас 709 хүн нас барж, 9134  хүн гэмтжээ. Нас барсан хүний 55.8% нийслэлд, 44.2% орон нутагт, гэмтсэн хүний 86.9% нийслэлд, 13.1% орон нутагт бүртгэгдсэн байна.


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ