Өнөөдөр 68 чингэлэг ачаа, барааг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-17 19:54:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд ахлан ажиллаж байгаа Цар тахлын үед хилийн боомтын ажлыг сайжруулах, хил нэвтрэх ачаа барааг нэмэгдүүлэх ажлын баг өнөөдөр цахимаар хуралдав. 


Хуралдааны эхэнд Замын-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн талаарх мэдээллийг Дэд ажлын багийн ахлагч Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.


Хилийн дундын “ТЭГ” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-Үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-ийн талбайд буулгаж байгаа ажил хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн хилээр орж ирсэн 68 чингэлэгтэй ачаа бараанд сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн, химийн бараа бүтээгдэхүүн багтсан байна. 


Ачаа бараа татан авч эхэлсэн өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд нийт 369 чингэлэг ачаа барааг татан аваад байна. Замын-Үүдийн хяналтын постуудад одоогоор гарсан зөрчилгүй, хэвийн байгааг дэд ажлын  багийн ахлагч мэдээллээ. Цаашид импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай харилцан яриа хэлэлцээ явуулж байгааг тодотгов.



Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан, “Зам тээврийн хөгжлийн яам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам зэрэг холбогдох байгууллага ачаа бараа тээврийн үнийг тогтвортой барих, нутгийн гүн рүү ачиж буй чингэлэг болон бараа бүтээгдэхүүний тээврийн зардлын үнэ өртгийг цаашид бууруулах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн Гадаад харилцааны яам, Эрээний консул нар өргөн царигийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх тал дээр БНХАУ-ын холбогдох байгууллагатай яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай” гэдгийг  онцоллоо. 


Цахим хурлын төгсгөлд Шадар сайд, С.Амарсайхан Замын-Үүдээс бусад хилийн боомтоор тээвэрлэх ачаа бараа эргэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд тухайн хилийн боомттой хил залгаа Хятад улсын хилийн боомтын засаг захиргааны удирдлагуудтай холбогдож ажиллах Дэд ажлын баг байгуулахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ