Хүний эрхийн сургалт зохион байгуулав

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2021-12-14 12:39:40

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Архангай, Булган, Завхан, Төв аймаг дахь ажилтнууд “Хүний эрх”-ийн сургалтыг “Тэгш тусгал” төрийн бус байгууллагатай хамтран Архангай аймгийн төвд зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь Хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд нь тусалж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, сургагч багшаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн эрхийн боловсролыг түгээх, охид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад чиглэжээ.

“Хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Хүүхдийн эрх, хамгаалал, сурч боловсрох эрх” сэдвээр Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа, “Хүний эрхийн олон улсын гэрээ”, “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх” сэдвээр Ч.Наранхүү, “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” сэдвээр Д.Мөнхсайхан, “Жендэр ба хүний эрх”, “Гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх” сэдвээр  Ахлах шинжээч У.Чойжилсүрэн нар сургалтыг явууллаа.


Уг сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 36 хүн хамрагдсан бөгөөд ирэх жилүүдэд үргэлжилж, хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ