Их Британид “омикрон” хувилбарын 100 гаруй тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-08 13:53:29

ЛОНДОН. /Xinhua/. Их Британид мягмар гарагт “COVID-19”-ийн “омикрон” хувилбарын 101 тохиолдол шинээр илэрснээр ийм тохиолдлын нийт тоо 437-д хүрсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ.


Урьдчилсан мэдээллээс үзэхэд “омикрон” хувилбарын халдварлах чадвар “дельта”-гийнхаас илүү бололтой байгааг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мягмар гарагт “COVID-19”-ийн нөхцөл байдлын талаар Сайд нарын танхимд мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.


Судлаачдын хувьд “омикрон” хувилбараар халдварласан тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газарт дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг, мөн ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.


Их Британид мягмар гарагт “COVID-19” халдварын 45691 тохиолдол илэрснээр нийт тохиолдлын тоо 10 560 341-д хүрчээ. Мөн халдварын улмаас 180 хүн нас барснаар сүүлийн 28 хоногт шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн дунд бүртгэгдсэн нас барсан тохиолдлын нийт тоо 145 826-д хүрсэн байна.


Өнөөдрийн байдлаар, Их Британид 12-оос дээш насны хүн амын 89 орчим хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд, 81 гаруй хувь нь хоёр тунд хамрагдсан бол 36 гаруй хувь нь нэмэлт буюу гурав дахь тунд хамрагдаад байна. 

Холбоотой мэдээ