Япон улс Бээжингийн олимпыг эсэргүүцэх талаар хараахан шийдвэр гаргаагүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-07 12:54:52

ТОКИО. /Kyodo/. Япон улс Бээжинд болох өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэхтэй холбоотой шийдвэр гаргахдаа үндэснийхээ эрх ашгийг үндэс болгоно гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв.


“Бид үндэсний ашиг сонирхолдоо тулгуурлан шийдвэр гаргахыг зорьж байна” гэж Кишида онцлон тэмдэглэжээ.


Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса өмнө нь хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр БНХАУ-д удахгүй болох өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх АНУ эрх баригчдын шийдвэрт тайлбар хийхээс татгалзжээ. Тэрбээр Япон улс энэ талаар “одоогоор шийдвэр гаргаагүй байгааг” цохон тэмдэглээд, Бээжингийн өвлийн Олимп, Паралимпын наадам амжилттай болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.


Канад, Норвеги, АНУ-ын улс төрчид, түүнчлэн янз бүрийн орны 200 орчим хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Шинжаан-Уйгурын Өөртөө засах оронд хүний эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан тус улсад ирэх жил зохион байгуулах өвлийн Олимпын наадмыг эсэргүүцэхийг улс орнуудад уриалсан юм.


Холбоотой мэдээ