Б.Гэрэлмаа: Санхүүгийн боловсролтой байна гэдэг нь өөрөө хөгжих хамгийн том үндэс

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-05 15:50:01

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн ууган ББСБ болох 20 жилийн түүхт “Төв хөгжил” ХК-ийн гүйцэтгэх захирал Будын Гэрэлмаатай ярилцлаа.


-Төв аймагт Банк бус санхүүгийн байгууллага үүсэж хөгжөөд 20 жил болжээ. Энэхүү байгууллагын үүсэл хөгжлөөс ярилцлагаа эхэлье?

-Намайг НИК ХК-ийн харьяа Зуунмод, Өндөр довын шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байсан үед буюу 2000 оны намар аймгийн Засаг даргын туслах утасдаж “Таныг аймгийн Засаг дарга Мэндбилэг ажлынхаа өрөөнд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэж хэлсэн.


Хүсэлтийн дагуу түүний албан тасалгаанд намайг ороход Мэндбилэг дарга “Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт Банк бус санхүүгийн байгууллагыг байгуулж ажиллуулах, яваандаа аймаг өөрийн банктай болох” зорилтыг тусгасан. Энэ зорилгыг үүсгэн зохион байгуулах, хэрэгжүүлэх үүргийг өөрт чинь өгч байна” гэсэн санал тавьсан. Тэрхүү саналыг сонсоод “ Би банкны ажлыг мэдэхгүй, банкны байгууллагад ажиллаж ч үзээгүй, чадахгүй байх” гэхэд Мэндбилэг дарга “Чи Плехановын нэрэмжит эдийн засгийн сургуульд суралцаж, эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн юм байгаа биз дээ. Чадахгүй гэж юу яриад байгаа юм. Өөрийгөө дайчил, чад, өөр зам байхгүй” гэж хэлсэн.

Ийм байдалд орох үедээ хүний толгой их хурдан сэтгэдэг юм билээ хоёр төрлийн шаардлага хэлсэн л дээ. Банканд ажиллаж байсан туршлагатай хүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа учраас холбож өгөх, мөн Төв аймгийн бүх суманд албан бичиг хүргүүлж сум бүр доод тал нь нэг сая төгрөгөөр уг байгууллагын дүрмийн санг бүрдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг хүсэх ёстой гэж хэлснээр бидний анхны уулзалт өндөрлөж байсан юм.

Энэ уулзалтын дараа би шинэ ажилд томилогдон ажиллаж магадгүй гэж үзээд банкны байгууллагын үйл ажиллагаатай холбогдох хууль, заавар журмуудыг уншиж судалж эхэлсэн хэд хоногийн дараа аймгийн Засаг даргын туслах дахин над руу утасдаж “ Аймгийн дарга таныг маргааш өглөө найман цагт албан тасалгаандаа хүрэлцэн ирэхийг урьж байна” гэж хэлсэн. Тогтсон цагт нь би түүний өрөөнд орвол "Ундрам" ХХК-ийн нягтлан бодогч Цэцгээ, аймгийн санхүүгийн хэлтсийн дарга Идэрцогт, Ажлын хувцасны үйлдвэрийн захирал Хүрэлбаатар нар цугларцгаав. Уг цуглаан дээр Мэндбилэг дарга “Мөрийн хөтөлбөр”-т Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг бүрдүүлэх ажилд та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсч байна” гэж хэлээд тэнд байсан хүн бүрээс компанид хэдэн төгрөгөөр хувь нийлүүлэх талаар асууж анх 3 сая 100 мянган төгрөгөөр тус компанийг босгож байсан юм.

Хэд хоногийн дараа бидний хэсэг хүмүүс 2001 оны 2-р сарын 1- ний өдрийн морин цагт ХААН банкны Зуунмод тооцооны төв дээр цугларч Банк бус санхүүгийн байгууллагын харилцах дансыг нээх ёслолын ажиллагаа хийв. Тэр өдөр бид бэлгэдлийг бодож хулгана жилтэй Цогтбаатар гэдэг хүнээр анхны 1000 төгрөгөөр хувь нийлүүлэх хөрөнгөө уг дансанд хийж эхэлсэн. Тус компанийн хувь нийлүүлэгчдийн анхдугаар хурлыг 2001 оны 2-р сарын 19-ний өдөр 13 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн. Тус хурлаар компанийхаа нэрийг сонгосон бөгөөд “Богд хан”, “Дүнжингарав”, “Бадрах”, “Цэцээ гүн”, “Төв хөгжил” гэсэн нэрсийн жагсаалт гарч 94,3 хувь буюу 10 хүний саналыг үндэслэн “Төв хөгжил” нэрийг сонгосонм.

2001 оны 5-р сард гэхэд уг дансанд дөнгөж 6,2 сая төгрөг төвлөрсөн байсан учраас миний бие аймгийн ИТХ-ын дарга С.Батболдтой биечлэн уулзаж учир байдлаа танилцуулсны эцэст “Орон нутгийн өмчийн хөрөнгө”-нөөс 5,0 сая төгрөгийг түр хугацаагаар тус компанийн дүрмийн санд оруулах, түүнд ноогдох ногдол ашгийг уг санд жил бүр төлж байх тухай заалт бүхий гэрээг байгуулснаар манай компанийн дүрмийн сангийн хэмжээ 11,2 сая төгрөгт хүрч билээ. “Банк бус санхүүгийн байгууллага”-ын үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд эн тэргүүнд “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Монгол банкнаас авах шаардлагатай болсон. Тэр үед би НИК ХХ-ийн харъяа ШТС-д эрхлэгчээр ажиллаж байсан хэдий ч ажлынхаа чөлөөт цагаар тусгай зөвшөөрөл авахтай холбогдох заавар журмуудыг судалж, шаардагдах материалуудыг цуглуулан, шинээр боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсээр сар шахам хугацааг зарцуулсан санагдана. Тэр үед миний авч очсон материалыг компьютер дээр шивсэн байх шаардлагатай гэж хэлээд буцаасан. Тухайн үед ямар компьютер техник хөгжсөн үе байсан биш хэд хоног л компьютер хайж явсан. Харин аймгийн захиргаанд алба хашдаг нэгэн танил маань оройн есөн цагаас хойш компьютер дээр нь юм шивэх зөвшөөрлийг өгч шөнийн дөрвөн цаг хүртэл шивж байсан санагдана. Ёстой л нэг “Гуйсан нь бөхийж, гуйлгасан нь гэдийдэг” гэсэн үг байдаг болоод ч тэр үү тэр үед би “Энэ хүндрэл, чирэгдэл ганцхан надад биш өөр олон хүмүүст тулгарч байгаа” гэсэн бодлыг тээн зорьсон зорилгоосоо ухарч буцалтгүйгээр 2001 оны 2 сараас эхлээд хүлээсээр 7 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлөө авч байсан.

-Анх хувь нийлүүлсэн хүмүүсээс танай байгууллагын үйл ажиллагаанд эргэлзэж, хөрөнгө нийлүүлэлтийн хувьд асуудал үүсгэж байв уу?

-Мэдээж. Тухайн үед банк, хоршоодын хувьд үйл ажиллагаа нь маш их доголдож байсан үе юм л даа. Мэдээж мөнгөний ханш өндөр байсан учраас зуун мянган төгрөг ч маш их мөнгө байлаа. Тэр үед манай байгууллагыг удахгүй дампуурлаа зарлана гэсэн цуу яриа гарч эхэлсний улмаас ганц, хоёр хүн хөрөнгө оруулалтаа татахыг хүссэн. Энэ нь мэдээж сэтгэлзүйн хувьд маш том цохилтод оруулж байсан хэдий ч “Даравч далдайна, булавч бултайна” гэж өөртөө тангараглаж байсан.

-Анхны ажилчин албан хаагчдаа дурсвал?

-Шинээр үүсгэн байгуулж байгаа байгууллагад орж ажиллах хүсэл сонирхолтой хүн олдохгүй л байлаа. Хүн ер нь ирээдүй нь тодорхойгүй, эрсдэл гарч болзошгүй, шинээр бүтээн байгуулах ажлаас их л дөлдөг байж билээ. Ингэж явсаар банкны салбарт ажиллаж байсан туршлагатай Нинаг нярваар, Бизнес удирдлагын дээд сургуулийг дөнгөж төгссөн Саруул-Ундрахыг нягтлан бодогчоор ажиллуулж байлаа.

-Тэр үед банкны үйл ажиллагаа ямар түвшинд байсан бэ? Танай байгууллагыг иргэд хэр сонгож байв?

-Тэр үед аймгийн төвд ХААН, Шуудан банкнаас өөр банкны салбар байсангүй. Зээл авахыг хүссэн иргэд байгууллагууд цөөнгүй байсан ч тэдэнд банкны үйлчилгээ хүрэлцдэггүй байлаа. Иймд иргэд зээлийг дээрх хоёр банкнаас гадна хэд хэдэн ломбард нэртэй барьцаалан зээлдүүлэх газруудаас сарын 15-20 хувийн хүүтэйгээр авдаг байлаа. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан манай байгууллага зээлийг тухайн үед сарын 7 хувийн хүүтэйгээр олгож эхэлсэн. Үүнийгээ дагаж дүрмийн сангаа нэмэгдүүлэх шаардлага гарч байлаа зарим үед эргэлтийн хөрөнгөгүй болох ч үе байсан энэ бүхэнд тусалж дэмжиж ирсэн цөөн тооны байгууллагууд бий. Тухайн үед эргэлтийн хөрөнгө маш том асуудал байлаа. Энэ жилийн хувьд бидний актив 4,4 тэрбум төгрөг хүрч чадсан  байна.

-Танай компани үүсгэн байгуулснаас хойш хийж байсан томоохон ажлуудаасаа дурдвал?

-Банк бус санхүүгийн байгууллагын хувьд үйлчлүүлэгчдэд аль болох хүү багатай, урт хугацаатай зээлийн шинэ бүтээгдэхүүнийг олж ирэх буюу бий болгохыг байнга эрмэлзэн ажиллах нь хамгийн чухал асуудлын нэг. Манай байгууллага хамгийн анх “Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах “Мон 9015” төслийг дамжуулан зээлдэгчээр сонгогдон ажиллах боломж гарч билээ. Уг төслийг Зуунмод сумын өрхүүдээс амьдралын түвшин доогуур айл өрх олонтой 5-р багийн иргэдэд 2003-2005 онд уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн зээл нь зөвхөн гэр орныхоо нөхцөл байдлыг сайжруулахад зориулан гурван жилийн хугацаатайгаар, сарын 0,5 хувийн хүүтэй нэг сая хүртэлх төгрөгийн хэмжээгээр нийт 64 өрхөд олгосон.

Уг төслийн зээлийг дамжуулан зээлдүүлэгчээр ажиллах нь манай компанийн орлогыг нэмэгдүүлэхэд ямар нэг нөлөөлөл үзүүлэхгүй, үйл ажиллагааны зардал л гарах байсан учраас компанийн удирдах зөвлөлийн гишүүд энэхүү төслийг хэрэгжүүлэх байгууллагыг шалгаруулах тендерт оролцохыг эрс эсэргүүцэж байсан хэдий ч амьдралын боломж муутайгаас зээлийг авч чадахгүй байгаа айл өрхүүдэд санхүүгийн үйлчилгээг хүргэх нь банк бус санхүүгийн байгууллагын нэг зорилго гэж үзээд миний бие уг төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг бие даан гаргаж, Монгол Улсын Санхүү эдийн засгийн яам, Дэд бүтцийн яамтай гурвалсан гэрээ байгуулж нийт 51100.0 мянган төгрөгийн зээлийг авч бусдад дамжуулан олгосон. Манай байгууллага уг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, уг зээлийн бүтээгдэхүүнээр үйлчлүүлсэн айл өрхүүдээс 14 айл шинээр байшин барьж, 29 айл байшиндаа их бага засвар хийж, 4 айл шинэ гэр худалдан авч, 5 айл гэрийнхээ дээвэр туурга, эд ангийг шинэчилж, 18 айл хашаагаа болон хашааныхаа хаалгыг засч өнгө үзэмжийг сайжруулсан.

-Байгууллагаараа үйлчлүүлж байгаа иргэдийн судалгааг авч үзвэл дийлэнх зээл хүсэгчдийн хэрэгцээ шаардлага юу байдаг вэ?

-Манай байгууллагаас зээл авч байгаа хүмүүсийн байдлаас судалгаа хийж үзэхэд 30 орчим хувь нь худалдаа, үйлчилгээ, өрхийн үйлдвэрлэл эрхлэх зэргээр өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд зээлийг ашиглаж байхад 20 орчим хувь нь хашаа, байшин, гэр, машин хөргөгч зэрэг эд хөрөнгө худалдан авахад зориулж, 30 орчим хувь нь Америк, Солонгос, Япон, Унгар, Чех зэрэг хилийн чанадад суралцах, ажил хийх зэргээр өрх гэрийнхээ амьдралыг дээшлүүлэх зорилгоор ашиглаж байдаг. Харин 20 хувийн зээлийг оюутны сургалтын төлбөр, эмчилгээний төлбөр төлөх зэрэг хувийн хэрэгцээндээ зориулан авдаг. Зуунмод сумын 700-800 өрх манай байгууллагаар байнга үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл Зуунмод сумын төвд байгаа нийт өрхийн 20 орчим хувь нь манай үйлчлүүлэгч байдаг гэсэн үг юм.

-Төв аймагт 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд ололттой, амжилттай зүйл олон байдаг байх?

-Мэдээж, Монгол Улсад суугаа НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас санаачлан Монгол Улсын хэмжээнд 2004 онд зарласан “Бичил санхүү, жижиг дунд бизнесийг дэмжих” жилийн ажлыг дүгнэхэд “Бичил зээл олгогч” байгууллагуудаас манайхыг эхний дөрвөн шилдэг байгууллагын нэгээр шалгаруулж байлаа. Мөн 2001 оны ажлынхаа үр дүнгээр Монгол Улсын татварын байгууллагад 120,8 мянган төгрөгийн татвар төлж байсан бол 2021 оны үр дүнгээр 1.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн. “Төв хөгжил” ББСБ үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших 12 жилийн хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар нийт 113,3 сая төгрөгийн татварыг улсдаа төлсөн. Компанийн үйл ажиллагааг жигд өсөлттэй явж байгааг, ногдуулсан татварыг тогтоосон хугацаанд нь төлдөг зэргийг үндэслэн Монгол Улсын Татварын ерөнхий газраас олгодог “Найдвартай татвар төлөгч байгууллага”-ын гэрчилгээг 2006,2009,2011 онд авсан. 2012 онд Монголын татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр” шагналыг хүртсэн. Монгол Улсын Засгийн газар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр шалгаруулдаг “ТОП 100 аж ахуй нэгж”ийн “ТОП 10 ББСБ”-аар 2007, 2008, 2009 оны ажлын үр дүнгээр шалгарсан нь манай компанийн үйл ажиллагааны үр дүнгийн нэгэн илэрхийлэл юм.

-“Төв хөгжил” ХК-ийн 20 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаас хуваалцвал?

-Дэлхийн бүжгийн өдрийн хүрээнд Төв аймгийн Монгол туургатан театртай хамтран “Цэнгэн бүжье” цахим уралдааныг зарлаж ивээн тэтгэсэн, Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” болзолт уралдааныг Зуунмод сумын 6 багийн дунд зарлаж 15 айлд нийт 10 сая төгрөгийн шагналыг гардуулсан. Түүнчлэн байгууллагынхаа гадна талбайг тохижуулан, авто зогсоолтой болох ажлыг гүйцэтгэж үйлчлүүлэгчдийнхээ таатай орчныг бүрдүүллээ. Төлөвлөсөн ажлын сүүлийн ажил болох онол практикийн бага хуралдааныг амжилттай зохион байгуулсан сайхан жил боллоо.


-Санхүүгийн боловсролыг эзэмших нь чухал гэж онол практикийн хурлын илтгэлдээ та дурдаж байсан?

-Тийм шүү. Санхүүгийн боловсролтой байна гэдэг нь өөрөө хөгжих хамгийн том үндэс юм. Би залуусдаа хэлдэг юм. “Та заавал санхүүгийн боловсролтой болох хэрэгтэй”, “Хувьцаа худалдаж ав, хөрөнгө оруул” гэдэг хоёр ойлголтыг өгөхийг хүсдэг. “Хувьцаа авч, аливаа зүйлд хөрөнгө оруулахын тулд санхүүгийн боловсрол хэрэгтэй, үүнийг бий болгож чадвал таны хүсдэг амьдрал алган дээр чинь аяндаа хүрээд ирнэ” гэж л хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ