Т.Эрдэм: Хүн аварч байхдаа яг л цагдаа болчихсон юм шиг санагдсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-26 18:57:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний амь аварсан Т.Эрдэм хүүд өнөөдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамт олон болон Монголын сурагчдын холбооноос дурсгалын зүйл гардууллаа. Тэрбээр Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 11-р ангийн сурагч юм.


Т.Эрдэм, “Би сонгоныхоо хичээлийг тараад гэртээ харьж явахдаа галын аюулд өртсөн хүнийг харсан. Маш их балмагдаж үнэхээр сандарсан. Гэхдээ хүнд тусална гэдэг, ялангуяа хүний амь насыг аварна гэдэг бол үнэхээр сайхан. Өвөө минь цагдаа байсан. Үргэлж л хүнд тусалж, хүнтэй эелдэг харьцаж байгаарай, сайн хүн болоорой гэдэг байсан. Хүн аварч байхдаа би яг л цагдаа болчихсон хүнд туслаад явж байгаа юм шиг санагдсан. Тийм болохоор би заавал цагдаа болж олон хүний амь насыг аврах болно” хэмээв.


Тэрээр 7 наснаасаа эхлэн цагдаа болохыг мөрөөдөж ирсэн бөгөөд одоо ч зорьсон зорилгынхоо төлөө шаргуу хичээллэж байгаа юм. Өвөөгийнхөө албаны хувцсанд хүрэх нь битгий хэл, харахад л хүндлэх, бахархах сэтгэл төрдөг байснаа Т.Эрдэм ярьсан юм.



Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг, “Т.Эрдэм аймшигт галын аюулаас эрдэнэт хүний амь насыг аварсан. Монгол Улсынхаа ирээдүй болсон өсвөр насны хүүхдүүдэд маш том үлгэр дуурайлал үзүүлж байна. Энэ бол бидний ирээдүй үнэхээр гэрэлтэй гэгээтэй харагдаж байгаагийн нэг жишээ. Т.Эрдэм хүүгийн гэр бүл, асран хамгаалагч, үе тэнгийн найзуудад нь талархаж буйгаа илэрхийлье. Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, тэднийг сонсож юу хүсэж мөрөөдөн, юунд тэмүүлж байгааг нь анзаарч, урам зориг өгч байгаарай. Хүүхэд тань таны бодож байгаагаас илүү гэрэлтэй гэгээтэй, хүчтэй юм шүү” гэлээ.



Монголын сурагчдын холбооны тэргүүн Б.Анхбаяр, “11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм маань хүний алтан амийг аварсан байна. Үнэхээр бахархаж байна. Яг одоо үүнийг уншиж буй дүү нар минь өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, бусдын сайн сайхны төлөө, эх орныхоо төлөө чи юу хийж чадах вэ? гэж өөрөөсөө нэг асуугаарай. Сайн үйлс хийж хүнд тусална гэдэг бол хамгийн том бахархах зүйл” гэв.



Холбоотой мэдээ