Мэдээлэл технологийн танхимыг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-14 16:11:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулбаян сумын ЕБС мэдээлэл технологийн танхимтай болжээ. Тодруулбал сум орон нутгийн 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан уг танхим нь аймгийн ЕБС-ууд дундаа анхдагч болоод зогсохгүй орчин үеийн AR технологийг нэвтрүүлснээрээ онцлог аж.

26 ширхэг зөөврийн комьпютер, зориулалтын ширээ сандлаас эхлээд өнгөт болон хар хэвлэгч, номын шүүгээ зэргээр иж бүрэн тоноглогджээ. Мэдээлэл зүйн багш Б.Оюунжаргал нь "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-аас зарласан уралдааны нэгдүгээр шатны ялагч болсон бөгөөд тэрээр шагналынхаа мөнгөнөөс мөн танхимаа тохижуулж, сурагчдаа тав тухтай орчинд хүлээн авахад бэлэн болжээ.


Харин AR технологийг сургуулийн багш нар болон эцэг эхчүүдийнхээ хандиваар нийт 7,5 сая төгрөгөөр худалдан авч үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн аж. Одоогоор энэхүү технологийг туршилтын журмаар ашиглаж байгаа бөгөөд тун удахгүй сургалтынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм байна.

Тус сургууль нь 18 бүлэгт 450 сурагчтайгаар 2021-2022 оны хичээлийн жилээ амжилттай эхлүүлж танхимаар хичээллэж байна. 

Холбоотой мэдээ