Израилын Ерөнхий сайд сүүлийн 10 жилд анх удаа Египетэд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАИР. /Axios/. Израилын Ерөнхий сайд Нафтали Бенет ирэх долоо хоногт Египетэд айлчлахаар төлөвлөж байна. Энэ нь Израилын Засгийн газрын тэргүүн сүүлийн 10 жилийн хугацаанд олны өмнө Египетэд хийсэн анхны айлчлал болох юм.
Египет улс Израил-Палестины мөргөлдөөнд гал зогсоох дэглэмийг үргэлжлүүлэх, олзны хүмүүсийг солилцоход зуучлахад чухал үүрэг гүйцэтгэхийг оролдож, Палестины ХАМАС хөдөлгөөн болон Израилын аль алинтай холбоо тогтоодог билээ.
Беннетт саяхан үгүйсгэсэн ч Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси айлчлалын үеэр Израил, Палестины удирдагчдын хооронд улс төрийн яриа хэлэлцээ хийх асуудлыг хөндөх төлөвтэй байна.
Ерөнхийлөгч ас-Сисигийн Засгийн газар Беннеттийг ил тод урьснаар бүс нутагт Египет улс чухал үүрэгтэй болохыг АНУ-ын одоогийн засаг захиргаанд харуулахыг оролдож байна гэж Израилын албаны хүмүүс үзэж байна.
Палестины удирдагч Махмуд Аббас өнгөрсөн долоо хоногт Каирт айлчилж, Египетийн Ерөнхийлөгч ас-Сиси, Иорданы хаан Абдалла нартай гурван талын дээд хэмжээний уулзалт хийжээ.
Израилын Ерөнхий сайд асан Биньямин Нетаньяху урьд нь Каирт нууцаар айлчилж байжээ. Тэрбээр мөн 2017 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр ас-Сиситэй уулзсан юм.
Израилын Засгийн газрын тэргүүн хамгийн сүүлд 2010 онд Египетэд олны өмнө айлчилж байжээ.