Энхтайвны корпусын 90 сайн дурын ажилтан Өвөрхангайд ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-08 13:07:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь Энх тайвны корпусын захирал К.Мансарай тэргүүтэй төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллаж байна. Зочдыг аймгийн Засаг дарга А.Ишдорж, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн болон холбогдох албаныхан хүлээн авч уулзлаа.

Энэ жил АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд анх 1991 онд сайн дурын ажилтнаа илгээснээс хойш 21 аймаг 152 суманд 1429 хүнийг ажиллуулаад байна.

Харин Өвөрхангай аймагт 90 сайн дурын ажилтан ирж, 47 нь байгууллагуудад, 43 нь сумдад англи хэлний боловсролын хөтөлбөр, байгаль орчин, эрүүл мэнд, бизнес, хүүхэд залуусын хөгжил, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж байжээ. Сүүлийн жилүүдэд коронавирусний халдварын улмаас сайн дурын ажилтнууд нутаг буцсан ч удахгүй сайхан цаг ирж, дахин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа К.Мансарай захирал хэллээ.

Сайн дурын ажилтнууд Өвөрхангай аймагт ирж ажилласнаараа сургуулийн гадаад хэлний багш, нийгмийн ажилтнуудын мэдлэг, чадамжийг сайжруулах, хүүхдүүдийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг аймгийн Засаг дарга онцлон дурдсан юм. Зочид өнөөдөр аймгийн ЕБС-ийн захирлуудтай уулзалт хийж, томоохон бүтээн байгуулалтуудтай танилцах аж.

Холбоотой мэдээ