Завхан аймаг 11700 хүн тун файзер вакцин татан авчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-09-07 15:39:05

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт зорилтот бүлгийн иргэдийг коронавирусний эсрэг дархлаажуулалтын гурав дахь тунд хамруулах ажлыг эхлүүлээд байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Дархлаажуулалтын гурав дахь тунд зориулж, 11700 хүн тун файзер вакцин татаж авчээ. Вакциныг харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр хийж эхэллээ. Эхний ээлжинд 55-аас дээш насны иргэд сайн дураараа, эмнэлэг, цагдаа, Онцгой байдлын газар, сургууль, цэцэрлэгийн ажилтнууд, элэгний В, С вирусний халдвартай, хавдартай, ХДХВ-тэй, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс хамрагдана.

Мөн жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд гурав дахь тунгийн вакциныг хийнэ. Дархлаажуулалтад хамрагдах иргэд хоёр тун вакцинд хамрагдсанаас хойш гурваас доошгүй сар болсон байх. Хоёр тун вакцин хийлгээд коронавирусний халдвараар огт өвчлөөгүй байх шаардлагатай. Иргэд вакцины гурав дахь тунгаа ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд сум, Өрхийн эрүүл мэндийн төвд очиж хийлгэнэ. Дархлаажуулалтын гурав дахь тунгаа файзер, вероселл вакцинаас сонголтоор хийлгэх боломжтой юм гэв. 

Холбоотой мэдээ