Японы Ерөнхий сайд эрх баригч намын даргын сонгуульд оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ удахгүй болох эрх баригч Либераль-Ардчилсан намын даргын сонгуульд оролцохгүй гэдгээ баасан гарагт нотолжээ.
“Би коронавирустэй тэмцэх ажилд бүрэн төвлөрөхийг хүсэж байна. Тиймээс сонгуульд оролцохгүй. Халдвартай тэмцэх арга хэмжээг боловсруулж, хажуугаар нь сонгуульд оролцох нь асар их хүчин чармайлт шаардагдана. Би хоёуланг нь зэрэг хийж чадахгүй тул сонгох хэрэгтэй болсон. Засгийн газрын тэргүүний хувьд миний үүрэг бол иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах юм” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрбээр мөн сонгуультай холбогдуулан ирэх долоо хоногт хэвлэлийн бага хурал хийхээ амлажээ.
Сүгаг намын даргын сонгуульд оролцохгүй гэдгийг Либераль-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай өмнө нь мэдэгдсэн юм.
NHK сувгаар мэдээлснээр, Сүга есдүгээр сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсны дараа Засгийн газрын тэргүүний ажлаа өгнө. Үүний зэрэгцээ, “Nikkei” сонинд бичиж буйгаар ард иргэдийн дунд дэмжлэгийнх нь түвшин доогуур байгаа Сүга Засгийн газрыг дахин тэргүүлбэл 10 дугаар сарын 10-нд болох парламентын доод танхимын сонгуульд ялагдах вий гэсэн болгоомжлол Японы эрх баригч нам дотор үүсчээ.
Сүга өнгөрсөн оны есдүгээр сард өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзог эрүүл мэндийн шалтгаанаар огцорсны дараа Засгийн газрын тэргүүний албан тушаалд очсон юм. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, сүүлийн саруудад япончууд дархлаажуулах ажил удаан явагдаж байгаад сэтгэл хангалуун бус, коронавирустэй тэмцэх арга хэмжээнийх нь үр дүнд эргэлзэж буйтай холбоотойгоор Сүгагийн Засгийн газрын рейтинг 30 хувиас доошилж унажээ.