Хархорин суманд хорио цээрийн дэглэмийг чангатгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-05 15:04:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин суманд коронавируст халдварын нийт 26 тохиолдол бүртгэгдсэнээс 21 хүн эдгэрч, 5 хүн сумын Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улаанбаатар хотоос халдвар зөөвөрлөн ирсэн эдгээр хүмүүсийн ойрын хавьтал болох 116, дам хавьтлын 209 хүнийг тогтоосон бөгөөд өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 106, ажиглан тусгаарлах байранд 11 хүн байгаа аж.

Сумын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшинд шилжүүлсэн хугацаа буюу 5 дугаар сарын 5-8-ны 06.00 цаг хүртэл хугацаанд зохион байгуулах арга хэмжээг төлөвлөн тодорхой шийдвэрийг гаргасан байна.

Тухайлбал, сумын төв доторх хөдөлгөөнийг хориглох, эмнэлгийн байгууллага, дулаан эрчим хүч үйлдвэрлэлээс бусад төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, албан хаагчдыг гэрээс ажиллуулах, гэр хорооллын дэлгүүрүүд 09.00-18.00 цагийн хооронд цахим бүртгэлийг хөтлөн, халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах, зах, худалдааны төв, бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авчээ.

Малчид шатахуун, өвс тэжээл авах зайлшгүй шаардлагаар сумын төв орж ирэхдээ хяналтын цэгүүдэд бүртгүүлээд айл өрхөөр оролгүйгээр худалдан авалтаа хийгээд гарч байгаа аж.

Сүүлийн өдрүүдэд шинээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал нэмэгдэж, халдварын хүрээ өргөжих хандлагатай байгаа тул хорио цээрийн дэглэмийг чангатгасан байна.

Холбоотой мэдээ