Сүүлд нэмэгдсэн халдварын ихэнх тохиолдол “Мөнгөн морьт” эмнэлгээс илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-05 12:42:30

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 78 боллоо.

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн салбар лаборатори 2021 оны дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрийн 08:00 цагт нийт 465 сорьцод PCR шинжилгээ хийжээ.

Энэ хугацаанд коронавирусний халдварын тохиолдол 15-аар нэмэгдсэн бол өглөө 09:00 цагт дахин 95 сорьцын шинжилгээний хариу гарч, 10 тохиолдлоор нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 09:00 цагийн байдлаар батлагдсан тохиолдол 25-аар нэмэгдэж, нийт 78 болоод байна.  

Сүүлд нэмэгдсэн халдварын ихэнх тохиолдлууд “Мөнгөн морьт” эмнэлгээс илэрчээ. Мөн Зэрэг суманд зөөвөрлөгдсөн (халдвартын тасагт тээвэрлэн авч ирсэн) нэг тохиолдлын ойрын хавьтагч гурван иргэнээс, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэдийн ойрын хавьтлаас буюу тусгаарлан ажиглах байранд байсан зарим иргэнээс халдвар илэрсэн аж.  

Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр хоёр өвчтөний биеийн байдал хүнд, нэг иргэн хүндэвтэр, бусад тохиолдол нь хөнгөн шинж тэмдэгтэй байна.

Одоогоор аймгийн хэмжээнд 72 иргэн тусгаарлан ажиглах байранд, 353 иргэн гэрийн тусгаарлалтад байна.


                       5000 ширхэг оношлуур татан авах ажлыг зохион байгуулж байна


“Шинжилгээний явуулын цэг”-ийг коронавирусний халдварын тохиолдол илэрсэн байршил бүхий газарт шилжүүлэн байршуулж, иргэдийг сайн дурын шинжилгээнд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. 

Анхны тохиолдол бүртгэгдсэн гуравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн мэргэжлийн байгууллагууд нийт 2700 гаруй иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авчээ.  

Шинжилгээг 10:00-19:00 цаг хүртэлх хугацаанд зохион байгуулдаг ба түргэвчилсэн оношлуурын нөөц багассан тул 5000 ширхэгийг татан авах ажлыг зохион байгуулж байна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Коронавирусний халдварын тархалтыг богино хугацаанд хумих зорилгоор аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулахаар зорьж буй.   

Холбоотой мэдээ