Шивээ-Овоод 200 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-17 15:18:44

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн 200 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болжээ.

"Эрдэнэс ассет менежмент ҮЦК" ХХК нь Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, ногоон хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалтын шийдлүүдийг гаргах, хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан санхүүжүүлэх зорилготой бөгөөд эхний ээлжинд Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн 200 мвт хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа аж.

Тус аймгийн Шивээговь сумын нутаг дахь Шивээ-Овоо нүүрсний уурхай 1990 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд нийт 29,500.0 га талбайг хамардаг юм.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор нийт 2,7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй аж. Нүүрсний орд нь Шинэ ус, Өехий цагаан болон Ногоон тойром гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна.

Цахилгаан станц байгуулснаар төвийн эрчим хүчний хомсдолыг арилгах, ОХУ-аас импортолдог цахилгаан эрчим хүчийг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгалийн нөөц ашиглаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээллээ.


Холбоотой мэдээ