Шивээговь сумыг улсын чанартай авто замаар холбох ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-06-02 13:45:08

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумыг улсын чанартай авто замаар холбох ажил эхэллээ. Улсын төсвийн 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Шивээговь сумыг улсын чанартай авто замтай холбох 6.9 км авто замын барилга угсралтын ажлын эхнийх буюу нэг тэрбум төгрөгийн санхүүжилтыг 2022 онд шийдвэрлэсэн аж.

Замын ажлын гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК шалгарч барилга угсралтын ажлыг энэ оны тавдугаар сарын 28-нд эхэлж шав тавих ёслолын ажиллагаа болсон байна. Ингэснээр Шивээговь сум босоо тэнхлэгийн авто замтай холбогдож  улмаар бизнес хөгжих боломж бүрдэнэ гэж албаныхан тодотгов.

Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам,болон сумын удирдлагууд, иргэд, гүйцэтгэгч байгууллагын удирдлагууд оролцлоо.

Тус сум зүүн болон хойд талаараа өөрийн аймгийн Сүмбэр сумтай хил залгадаг бөгөөд Улаанбаатар хотоос 275 км, зүүн болон зүүн урд, урд талаараа Дорноговь аймгийн Даланжаргалан, баруун талаараа Дундговь аймгийн Баянжаргалан сумтай хиллэдэг аж.

Холбоотой мэдээ