Усан спорт сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-07 17:03:25

Булган аймаг 2,5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр "Усан спорт сургалтын төв" - тэй болсон. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нээлтээ хийсэн тус төв үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна.

Тус төв нь нэг ээлжиндээ 15 - 20 хүн хүлээн авах хүчин чадал бүхий усан сан, хувцас солих өрөө, душ, цайны газар, мөн ус цэвэршүүлэгч тоног төхөөрөмж зэргийг багтаажээ. Сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэд эмчийн нарийн үзлэгт хамрагдсан байх, усны хувцастай байх, ил шарх сорвигүй байх, даралт зүрхний ажиллагаа хэвийн, согтуу биш, хөл нүцгэн явахгүй байх, гүйхийг хатуу хориглоно гэсэн шаардлагуудыг хангах ёстой юм байна.

Тус төвийн захирал "Манайхан эмчийн үзлэгт орохдоо танил талаараа гарын үсэг зуруулчихдаг шүү, тийм зүйл хэрхэвч байж болохгүй, сургалтын төвийн эмч давхар шалгана" гэдгийг анхаарууллаа. Энд 6-аас дээш насны хүүхэд хичээллэж болох бөгөөд сарын төлбөр 30 мянга, насанд хүрэгчид 40 мянга. Долоо хоногт 2 удаа хичээллэх боломжтой. Өөрийн хүсэлтээр 3 удаа хичээллэвэл төлбөр 60 мянга болж нэмэгдэнэ. Энэ үнэ нь Улаанбаатар хотыхтой харьцуулахад 3 - 4 дахин хямд гэнэ.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ