АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлаар завсарлага авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-27 16:41:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа.


Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Үүний дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, энэ сарын 22-нд Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа өнөөдөр УИХ-д хүргүүлсэн гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир чуулганд танилцуулсан.


Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асуух явцад УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчийн ирээдүйн зорилго, үйл ажиллагааны талаарх мэдээллийг бүлгийн хуралдаанаар сонсох шаардлагатай байгаа тул ажлын 5 хоногийн завсарлага авах санал гаргасан юм. Гэвч цар тахлын үед Ерөнхий сайдыг нэн дариу томилж, Засгийн газрын ажлыг жигдрүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, нэг цагийн завсарлага өгөв.

Холбоотой мэдээ